УИХ-ын дарга Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Мянганы сорилтын корпорацийн ерөнхийлөгч Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.05.26/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд АНУ-ын Мянганы сорилтын корпораци 2014 оны 12 дугаар сард Удирдах зөвлөлийн шийдвэрээрээ Монгол Улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгосонд УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Мөн тэрээр АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран эхний компактын хүрээнд чухал төслүүд хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Эхний компактын үр дүнд авто зам барьж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд байгуулан, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ төслүүд хувь нэмрээ оруулсан гэдгийг онцлон тэмдэглээд эхний компакт нь Монгол-АНУ-ын харилцааг шинэ шатанд гаргасан, эдийн засгийн утга агуулгаар ихээхэн баяжуулсан чухал арга хэмжээ болсон бөгөөд хоёр дахь компакт мөн манай улсын эдийн засгийн өсөлтөд бодитой нөлөө үзүүлэх, эдийн засгийн хамааралтай байдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх компакт болно гэж найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн энэ удаагийн хоёр дахь компакт гэрээ боловсруулах үйл явц өмнөх компактаас агуулга, хүрээ, санхүүжилтийн хувьд харьцангуй өөр байх талаар манай албаны хүмүүс надад мэдээлсэн. Энэ талаар таны саналыг сонсох хүсэлтэй байна гэлээ.
Хатагтай Дэйна Хайд Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр дахь компакт гэрээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр МСК-ийн зүгээс хоёр дахь компактыг харьцангуй цөөн тооны улстай байгуулдаг тул хоёр дахь компактыг хэрэгжүүлэх улс орны хувьд тавигдах шаардлагууд нэмэгддэг. МСК-ийн хоёр дахь компакт гэрээг боловсруулах, байгуулах үйл ажиллагаа тодорхой үе шаттайгаар хэрэгжинэ. Компакт гэрээг боловсруулахад ойролцоогоор 2 жил шаардагдах бөгөөд компакт гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа 5 жилийн хугацаанд төслүүдийг хэрэгжүүлдэг гэдгийг танилцуулав. Мөн эхний компактаар 6 төсөл зэрэг хэрэгжүүлсэн. Эхний компактаар хэрэгжсэн төслүүдээсээ суралцаад энэ удаа нэгээс хоёр чиглэлд илүү төвлөрсөн байдлаар төслөө хэрэгжүүлнэ гэдгийг хэлсэн юм.
Хоёр дахь компактыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай Хэлэлцээрийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна гэдгийг УИХ-ын дарга уулзалтын төсгөлд хэллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.