УИХ-ын дарга урлаг, спортын наадмын аваргуудад шагнал гардууллаа

2015 оны 5 сарын 25

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа  /2015.05.23/ Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордонд боллоо.

 

“Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадамд Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагууд болох Авлигатай тэмцэх газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын баг тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байгаа юм.

“Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын энэ өдрийн арга хэмжээг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэллээ. УИХ-ын дарга Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “УИХ-ын цом-2015” урлаг, спортын наадамд оролцогчдод баяр хүргээд 2010 онд Авлигатай тэмцэх газраас анх санаачлан Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд спортын 5 төрлөөр тэмцээн зохион байгуулж байсан бол энэхүү тэмцээн хүрээгээ тэлж спортын 7 төрөл болж, тэмцээнд оролцогчдын хамрах хүрээ нэмэгдсэн байна хэмээсэн.

Тэрбээр, “Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн хүрээнд УИХ-ын Тамгын газар тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд урлагийн төрлийг оруулж, урлаг, спортын наадам болгон зохион явуулж байна. 5 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд та бүхэн спортын 5 төрөл, урлагийн төрлөөр шилдгүүдээ тодруулан өрсөлдөж байна.

Төрийн албанд хүчин зүтгэж, улс орныхоо хөгжилд өөр өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн Та бүхэн төрийн албаны хариуцлагатай, нөр их ажлынхаа зэрэгцээ чөлөөт цагаараа хамт олноороо эрүүл амьдралын үндэс болсон спортоор хичээллэж, урлагийн авъяасаа хөгжүүлэн, энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаад баяртай байна.

Та бүхний ажил үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ урлаг, спортын наадмыг зохион байгуулагчид, дэмжин ажилласан байгууллагын удирдлагууд, амжилт гаргасан нийт тамирчид, хөгжөөн дэмжигчдэд дахин баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” гэж хэллээ.

Нээлтийн ажиллагааны үеэр “Улсын Их Хурлын цом- 2015” урлаг, спортын наадмын урлагийн төрөлд тэргүүн байранд шалгарсан байгууллагууд мэндчилгээ дэвшүүлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдан дүнгээ гаргасан урлагийн төрөл, шатрын тэмцээний ялагчдад шагнал гардууллаа.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, С.Одонтуяа нар, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагууд хөлбөмбөг, теннис, биллиард, дартсын тэмцээний аваргуудын шагналыг гардуулсан юм. 

Хөлбөмбөгийн тэмцээний тэргүүн байрыг Монголбанкны баг эзэлж, хоёрдугаар байрт УИХ-ын Тамгын газрын, гуравдугаар байрт Үндэсний статистикийн хорооны баг шалгарсан юм.

Теннисний тэмцээний тэргүүн байрыг багийн дүнгээр Монголбанк, хоёрдугаар байрыг Үндэсний аудитын газар, гуравдугаар байрыг УИХ-ын Тамгын газар авсан байна.

Шатрын тэмцээний тэргүүн байрт Монголбанк, хоёр, гуравдугаар байрт УИХ-ын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар шалгарсан бол Биллиардын тэмцээнийг Санхүүгийн зохицуулах хороо тэргүүлэн, удаах байруудыг УИХ-ын Тамгын газар, Үндэсний аудитын газар авчээ.

Дартсын тэмцээнийг Үндэсний статистикийн хороо хошуучлан, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо удаалсан бол Урлагийн төрлөөр Үндэсний статистикийн хороо тэргүүлж, удаах байрт Монголбанк, УИХ-ын Тамгын газрын баг тус тус шалгарсан байна.

“Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын арга хэмжээ сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр үргэлжилж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22148
0 эможи
keyboard_arrow_up