Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.21. Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа.
Үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн тул нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Төсвийн байнгын хороог хуралдуулж анхны хэлэлцүүлгийг хийлгэсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналгүй тул анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн. Ийнхүү ажлын хэсгээс гаргасан горимын саналын дагуу нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар оруулж, хэлэлцүүлсэн юм.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын өрийн хязгаарт уул уурхайн салбарын хуулийн этгээд болон Эрчим хүч, төмөр замын салбарын зээл, засгийн газрын баталгааг хамааруулахгүй байх тухай хуульд нэмэлт оруулах төслийн талаар гишүүд хэлэлцээд, батлахыг дэмжсэн.
Үүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй” хэмээн үзсэн юм.
Нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд байр сууриа илэрхийлсэн. Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин нарын гишүүд, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Улсын Үндсэн хуулийн 50.2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд … Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан нөхцөлд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх эрхийг дангаараа авах нөхцөл үүснэ гэж үзэн хүлээн авах боломжгүй талаар саналаа хэлж байсан.
Хэлэлцүүлгийн дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.9 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан. Ажлын хэсгээс тэтгэвэрийн даатгалын сангийн ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тодорхой шийдвэр гаргахад ямар асуудлыг голлон баримтлах шаардлагатай байгаа талаар болон ажлын хэсэгт орж ажилласан гишүүд зарчмын зөрүүтэй саналууд гаргасан талаар танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа тогтоолын төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Санал хураалтын явцад “Цэргийн алба хаасны, нийгмийн халамжийн, 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зардал болон тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлэх”, “Хүн амын насжилттай уялдуулж тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөх асуудлыг судлах” гэж өөрчлөх зэрэг саналууд олонхийн дэмжлэг авав.
Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоотой байгаа юм байна. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа тул тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг бууруулах, Монгол Улсын ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа ажээ.
Энэхүү бодлогын төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд, урт хугацаанд бууруулснаар улсын төсвийн ачаалал багасч, тэтгэврийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж, ахмад настан бүр наад захын орлогын баталгаагаар хангагдаж, даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай зохистой хэмжээний тэтгэвэр авах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болж, өндөр орлоготой ажиллагсдад зориулсан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоотой бий болсноор олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болох зэрэг эерэг үр дагаварууд бий болно гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа юм.
Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэсний дараа олонхийн дэмжлэг авсан саналуудыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдааны завсарлагаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Б.Болор танилцуулав.
Тэрээр, байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх явцад тогтоолын төслийн нэрийг “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг батлах тухай” гэж өөрчлөх, тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлсэн өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийг тогтоолын хавсралт болгож батлах саналууд гарсан талаар дурьдаад төслийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тухай танилцуулсан.
Тогтоолын төслийн талаар гишүүд Сангийн сайдаас асуулт асууж, саналаа хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын даргын зүгээс Төсвийн байнгын хороог хуралдуулан дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгахыг үүрэг болгосны дагуу байнгын хороо хуралдаж тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт болон санал хэлээгүй бөгөөд төслийг батлуулахыг санал нэгтэй дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.