Шүүх байгуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

2015 оны 5 сарын 18

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.18/ өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчлагдаж, улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6, 11 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ хуулийн төслийг боловсруулжээ. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21958
0 эможи
keyboard_arrow_up