Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх болсонтой холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн /Ням гараг/ 12.00 цагт эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн хамт Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд Улсын Их Хурлын гишүүд босч хүндэтгэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар байлцав.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье гэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, зочид, төлөөлөгчид босч хүндэтгэв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, “ Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон 1990-ээд оны эхнээс хоёр улсын харилцаанд шинэ үе эхэлж, Бүгд Найрамдах Энэтхэг Улс манай улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлсээр ирлээ. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарууд “иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар өргөжин хөгжиж байна. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Таны айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинг ахиулан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоох болсонд баяртай байна” гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд дараа нь хүндэт зочныг Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэхийг урилаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди хэлсэн үгэндээ “ Аугаа үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ чин сэтгэлээсээ баяртай байна. Монгол Улсын Их Хуралд үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг юм. Монголын ардчиллын 25 жилийн ой тохиож буй жилд ийнхүү үг хэлэх боломж олдсон нь онцгой аз завшаан юм . Хэдийгээр бидний хооронд орон зай, газар зүйн саад байдаг ч манай хоёр талын харилцаа бас өснө. Монгол орны эрдсийн нөөц баялаг бидний түншлэлд хөдөлгөгч хүч өгнө. Газар зүйн байршил бол Монголчуудын түншүүддээ сонгох эрх чөлөөнд нь хязгаарлалт болохгүй гэж бид үзэж байна. Бид хамтарч байж дижитал ертөнц дэх эдийн засгийн боломжуудыг ашиглах болон өсөн нэмэгдэж байгаа кибер аюул заналаас илүү найдвартай өөрсдийгөө хамгаалж чадна” гэлээ.
Эрхэмсэг ноён Нарендра Моди, Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд баяртай байгаагаа илэрхийлээд, Хүндэт зочин Нарендра Модид Монголын ард түмэн, Улсын Их Хурлын өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсч Монгол оронд тавтай зочлохыг ерөөлөө.
Хүндэтгэлийн хуралдааны өмнө Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үг болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь parliament.mn, open.parliament.mn цахим хуудсанд нийтлэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.