Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг урагшлуулахыг Ерөнхий сайд хүслээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы /2015.05.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцүүлэх, шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн мэдээллийнхээ эхэнд хэлсэн.
Тэрбээр, Томоохон төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар 2015 онд нийт 172.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон боловч Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг УИХ-аас хараахан шийдвэрлээгүй байгаа нь өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө тасалдах эрсдлийг үүсгэж болзошгүй байна.
Түүнчлэн бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болох мөн далд орлого, хөрөнгийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг 2015 оны нэгдүгээр сарын13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөлтэй амин холбоотой УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл нийгэмд ихээхэн хүлээлт бий болгож байна.
Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд Засгийн газар бэлэн болголоо.
Ингэснээр орчин үеийн техник технологийн хөгжил дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны баримтыг цахим хэлбэрээр хийх, татварын хяналт, шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломж олгох юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох нь ойлгомжтой.
Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хоорондоо нийцэхгүй байгаагаас үүдэлтэй эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл үүсэх явдал амьдралд цөөнгүй тохиолдож байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах хугацааг ижилтгэх зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс хууль тогтоомж хоорондын зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг энгийн ойлгомжтой болгох, татвар төлөхтэй холбоотой үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан хуулийн төслүүдийг боловсруулсан болно гэж хэлсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэмж тусган Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгааг мэдээллийнхээ үеэр дурдаад Монгол Улсын иргэн өмчлөлийн газраа барьцаалах эрх зүйн зохицуулалт бий болоод багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч ялангуяа гэр хорооллын газрын харилцаатай холбоотой асуудлууд маргаан хүндрэл дагуулсан хэвээр байна. Газраа барьцаалсан иргэдийн хувьд гэрээний үүргээ хангаагүй тохиолдолд 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байна. Энэхүү хуулийн төслийг даруй хэлэлцүүлж шийдвэрлэснээр гэр хорооллын газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, барилга, орон сууц барих сонирхол нэмэгдэнэ хэмээсэн.
Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг практик амь бөхтэй байгаа нь манай эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгөгүй иргэд зээл, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүргэж санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чадахгүй байна. Энэхүү хуулийн төслөөр бизнесийн арилжаа, гэрээний гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх иргэдэд үүсч буй тул ихээхэн ач холбогдолтой гэж тэрбээр хэлсэн юм. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.