Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордонд зохион явууллаа.
Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний дараа 1929, 1935 онд Аливаа хэргийг хэрхэн шийтгэх ба байцаах хууль, 1949, 1963 онд БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тус тус батлан мөрдөж байв. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1994 онд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан нь шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэх нөхцөл болсон бөгөөд 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталсан” хэмээн танилцуулав. Өнөөдөр хэлэлцүүлгийн сэдэв болох Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулан 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөлд бүгд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэс, нөхцөл, журмыг тогтоохоор зохицуулсан болохыг онцлон тэмдэглэлээ.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Тэрээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийсний үр дүнд санал дүгнэлтүүд гаргасан. Мөн орчин цагийн нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, гэмт этгээдийг тогтоох, түүнд шударга ял онооход чиглэсэн тогтолцоо болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын чиг үүргийн хуваарилалтыг өөрчлөх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хэргийг зөвхөн байцаалтаар нотолж байгааг өөрчилж, бусад нотолгоогоор хэргийг батлах эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо журмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгааг тодорхойлсон” гэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн процессын дэлхий нийтийн түгээмэл хандлага” сэдэвт илтгэлийг олон улсын эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээний жишээнд тулгуурлан танилцуулахдаа өнөөдрийн байдлаар 40 гаруй улс Эрүүгийн процессын хуулиа шинээр баталж, шинэ үзэл баримтлалаар боловсруулсан хуулийн төслөө янз бүрийн түвшинд хэлэлцэж байгааг дурдав. Хэрэг шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, хүний эрхэд халдсан, хязгаарласан ажиллагааг ил тод, шударгаар явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй, саадгүй явуулах, бодит үнэнийг тогтоох олон талын боломжийг эрэлхийлэх, мөрдөлтийг эрүү шүүлтээс ангид явуулах, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай процесс, хүний эрхийг хамгаалсан эрүүгийн процессын олон улсын хэм хэмжээг баримтлах нь эрх зүйн хөгжлийн ерөнхий хандлага болж байгааг тэрээр илтгэлдээ онцолжээ.
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батаа “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Хүний эрхийг хангах нөхцөл” сэдэвт илтгэл, Хууль зүйн доктор Б.Батзориг “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн өмнөх шат” сэдэвт илтгэл, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн шат” сэдэвт илтгэлүүдийг тус тус танилцуулсан.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.
Хэлэлцүүлэг 16.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үдээс хойших арга хэмжээнд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа: Өмгөөлөгчийн оролцоо” сэдэвт илтгэл танилцуулна. Үүний дараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчид нийт илтгэлийн талаар асуулт асууж, санал солилцох юм. Түүнчлэн тус хуулийн төслийн талаарх байр сууриа иргэний нийгмийн төлөөлөл танилцуулж, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж оролцож, байр сууриа илэрхийлэх юм. Мөн Улсын дээд шүүх, Хуульчдын холбоо, Прокурорын байгууллага болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож тус тусын байр суурийг илэрхийлэх юм.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулж байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхий үндэсний комисс, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Эмнэсти интернэшнл”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ байгууллагын төлөөлөгчид оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.