Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийхэд олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараажээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул тогтоолын төслийг бүхэлд батлах санал хураалтад явуулахад 44 гишүүн оролцож, 75 хувийн саналаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Дараа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар танилцуулав.
Тус байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дарааллын шинжтэй зарим засвар оруулсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төсөлд тусгасан хувиараа хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон асуудлыг хэрхэн ойлгохыг тодорхой болгосон эсэхийг тодруулахад Байнгын хорооны дарга Д.Батцогт төслийн анхны хэлэлцүүлгийн үед хөндөгдсөн асуудлуудыг л эцсийн хэлэлцүүлгийн явцад ярьсан, бусад асуудал нь төслийн хувилбараар хэвээрээ байгаа гэдгийг хэлэв.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.2 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.
Мөн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.
Тус байнгын хорооны энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн. Харин энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд шинээр нэмсэн 22.5 дахь хэсэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, байнгын хорооноос гаргасан горимын санал дэмжигдээгүй тул хуралдаан даргалагчаас төслийн холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдийн гаргасан саналыг үндэслэн хуулийн зарим заалтыг тодорхой болгох үүднээс хуулийн 22 дугаар зүйлийг “22.5.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 22.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлахдаа холбогдох байгууллагаас санал, дүгнэлт авч болно. Энэ тохиолдолд тухайн байгууллага нь асуудлыг 30 хоногийн дотор судлан үзэж, санал, дүгнэлтээ ирүүлнэ.” гэж өөрчлөн найруулах санал гаргасан байна. Ингээд гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.6 хувь нь дэмжив. Харин хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 67.3 хувь нь дэмжиж баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.