Ялтан шилжүүлэх тухай хоёр орны гэрээний төслийг зөвшилцөв

2015 оны 5 сарын 14

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  /2015.05.13/ үдээс хойш хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм.

Дараа нь Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулга хийсэн юм.

Уг тогтоолын төсөл нь нийт 3 заалт, 1 хавсралттай бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэгтэй юм.

Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээнүүдийг тусгажээ.

Засгийн газар ирэх онд макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.0 хувь, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 7.0 хувьд барих, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28.6 хувь, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -4 хувь байлгахаар төлөвлөж байгаа аж.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй. Учир нь үндсэн чиглэлийн төслийн 21 дүгээр зорилт буюу гадаад бодлогын хүрээнд гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүдэд үндэсний хэл, соёлоо судалж сургах хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэд олноороо зорчдог улс орнуудад визгүй зорчих боломж бүрдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээ авах зэрэг түүний гаргасан санал нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад төсөл, хөтөлбөрт туссан гэж байнгын хорооны гишүүд үзлээ. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Мөн энэ өдрийн хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийсэн юм.

Манай улс одоогийн байдлаар БНСУ, БНХАУ, Канад Улс, ОХУ, БНПУ, БНТУ, БНКУ гэсэн 7 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулжээ. Харин БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх үеэр ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна.

2000 оноос хойш манай улсын 5 иргэн Энэтхэг Улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг иргэн хорих ялаар шийтгэгдэж 2011 онд суллагдсан аж.

Манай улс БНЭУ-тай “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээ”-г 2001 онд тус тус байгуулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Хууль зүйн сайдаас асуулт асууж тодруулсны дараа Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний төслийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Иймээс Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төслийг зөвшилцсөн тухай байнгын санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21848
0 эможи
keyboard_arrow_up