“Монголын төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзаж тодруулга авчээ
“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж тодруулга авсан байна.
Энэ үеэр тус компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон. Тус компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны 5 дугаар сард Солонгосын Самсунг СТ компанитай байгуулж, Чингис бондын 200 сая ам.долларын санхүүжилтээр ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 52 хувьтай байна.
Санхүүгийн зөвлөх BNP Paribas компанийн боловсруулсан санхүүгийн загварт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 1 тонн/км-ийн тээврийн тарифыг 3.3 цент буюу 64 төгрөгөөр тооцоход хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 12 жил байна. Энэ төмөр замын суурь бүтэц нь ашиглалтад орсон жилээсээ улсын төсөвт татвар төвлөрүүлэх бөгөөд татвар, зээл, зээлийн хүүгээс гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ноогдол ашиг өгөхөөр байгаа. Энэ нь жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэхээр хийсэн тооцоо юм.
Дээрх 225 км төмөр замыг дотоодын санхүүжилт буюу зардлын 40 хувийг нь Чингис бондын 400 сая ам.доллар, гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр 60 хувь буюу 600 сая орчим ам.доллар, нийтдээ 970 сая ам.долларын өртгөөр барихаар төлөвлөгдсөн. Гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр хэрэгжих 60 хувийн санхүүжилтийг хийх боломжтой гэдгээ Корея ЭКСИМ, Корея хөгжлийн банk, Европын сэргээн босголтын банк, PNB Paribas банкууд илэрхийлсэн.
Мөн Япон улсын “Nippon Koei” компани Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын зураг төслийг боловсруулж хүлээлгэн өгсөн” гэдгийг мэдэгджээ.
“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын асуудлыг бүрэн хариуцаж ажлаа эхлүүлсэн байтал дээрх санхүүжилтийг зогсоож, Таван толгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч нарт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг 30 жилээр өгөхөөр болсон нь тодорхойгүй байна.
2014 оны 9 дүгээр сарын 1-нд зарлаж урилга илгээсэн тендерт 7 шалгуур үзүүлэлт оруулсны 6-д нь“Хөрөнгө оруулагчид эхний ээлжинд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, ашиглалтад оруулснаас хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд өгөх” гэж заасан байна.
Тиймээс өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой төмөр замыг яагаад тендерийн шалгуурт оруулах болсон тайлбарыг Засгийн газраас тодруулах ёстой гэж үзэж буйгаа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг илэрхийллээ.