НББСШУБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2015 оны 5 сарын 13

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр /2015.05.12. Мягмар гараг/ үдээс хойш хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар асуулт асууж хариулт авсан юм. Хуучин тогтолцоогоор болон нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгох тооцоог тэтгэврийн даатгалын байцаагч хоёр хувилбараар бодож тэтгэвэр авах иргэнд тайлбарлан танилцуулах нь чухал гэдгийг гишүүдийн зүгээс хэлж, энэ асуудлыг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар тодотгосон юм. Даатгуулагчийн эрх ашгийг дээдлэх үүднээс тухайн даатгуулагчид хуучин тогтолцоогоор болон нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгох хоёр хувилбарын нэгийг нь сонгох эрхийг хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр нэг бол хуучин тогтолцоогоор эсвэл нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгох сонголт бий болж байгаа. Хууль батлагдсанаар 21 аймаг, 9 дүүрэгт тэтгэврийн байцаагч нарт богино хугацааны сургалт явуулна гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өглөө. Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, үйлдвэрлэлийн орчин гэдэгт үйлдвэрлэлээс гарч байгаа зайлуулагдаагүй хог хаягдлын орчин хамрагдах эсэх талаар хөндөв. Үйлдвэрлэлийн орчинтой холбоотой стандартыг бий болгох үүднээс энэ нэр томьёог оруулж ирсэн. Ялангуяа энэ нь барилгын гадна талын орчин, аюулгүй байдалтай холбоотой. Байгууламжтай холбоотой гаднах орчин Хог хаягдлын тухай хуулиар зохицуулагдана гэсэн хариултыг ажлын дэд хэсгээс өгөв.

Мөн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.0 хувь, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 7.0 хувьд барих, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28.6 хувь, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 4 хувь байлгахаар тус тус төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын яамдын танилцуулгыг сонслоо. Эрүүл мэнд, спортын яамны хувьд эх орондоо эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээг чанарын өндөр түвшинд хийх боломжийг бүрдүүлэх зорилт тавьж энэ хүрээнд эмийн үйлчилгээний чанар, стандартыг дээшлүүлж, ажиллагчдын ёс зүй хариуцлагыг сайжруулах, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг сайжруулж, шаардлагатай эмийн барилгуудад их засвар хийх, оношилгоо, эмчилгээний стандартыг үе шаттайгаар шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний хэрэглээ, хүн амын эрүүл мэндийн эрсдлийг үнэлэх үндэсний судалгааг зохион явуулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн байна.

Хөдөлмөрийн яам ажилгүйдлийг бууруулах, ажлын байран дахь сургалтыг бий болгох, цалин хөлсний асуудлыг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх, оуютны цагийн хөдөлмөрийн хөлсийг тухай бүр нь олгодог болох, гадаадаас ажиллах хүч авах асуудлыг журамлах, ажлын байрыг дотоодын ажиллагсадаар зуун хувь хангадаг байх зэрэг чиглэлүүдийг үндсэн чиглэлд тусгажээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам үндсэн чиглэлдээ, инженер, технологийн дээд боловсрол төслийн хүрээнд судлаач, оюутныг сургалтад хамруулах, “Дээд боловсролын шинэчлэл” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн шилдэг сургуулиудад бакалавр , магистр, докторын хөтөлбөрт оюутан суралцуулж, өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангах зорилгоор “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг зорилтыг тусгасан байна. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нийгмийн даатгалын мэдээлийн нэгдсэн сүлжээгээр сумдын мэдээллийг холбох үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэх, “Хүүхэд гэр бүлийн хөгжил”-ийн шаталсан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын цогц, шуурхай үйлчилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламжийн утсанд ирсэн дуудлагаас шууд яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах, өндөр настны асрамжийн төв байгуулах, хувийн хэвшлийн санаачлагыг дэмжих зэрэг зорилтуудыг үндсэн чиглэлд тусгасан гэлээ.

Салбарын яамдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Л.Эрдэнэчимэг нар Сонгино хайрхан дүүрэгт баригдах жишиг эмнэлэгийн асуудал ямар шатанд байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан үндсэн чиглэлд ажилгүйдлийн түвшинг долоон хувьд барина гэж тусгасан байна. Харин өнөөдөр ажилгүйдлийн түвшин хэдэн хувь байна вэ. Хөдөөгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар өнгөрсөн хугацаанд юу ч хийгдээгүй. Үндсэн чиглэлд ч энэ асуудлыг тусгасан зүйл байхгүй байна гээд энэ талаар тайлбар авахыг хүссэн юм.

Сонгино хайрхан дүүрэгт загвар эмнэлэг барих хүрээнд зураг, төсөв хийгдээд дуусч байна. Үүний дараа барилгын асуудал руу орно. Барилга барих ажил төлөвлөгөөт хугацааны дагуу хийгдэж байгаа. Барилгын ажил анх Азийн Хөгжлийн Банкнаас төлөвлөгдсөн төлөвлөгөөнөөс бүтэн жилээр хойшлогдсон байсан. Эрүүл мэнд, спортын яам байгуулагдсанаас хойш энэ асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн хариултыг Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа өглөө.

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хариултдаа, 2014 онд ажилгүйдэл 7 хувьтай гарсан. 2016 онд ажилгүйдлийн түвшинг энэ хэмжээнд барина гэж үзсэн. НДЕГ-аас гаргасан мэдээллээр ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Хөдөлмөрийн насны хүнд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх бус өөрөө өөртөө ажлын байр бий болгох, хувиараа аж ахуй эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулахад нь дэмжлэг үзүүлэх бодлого барьж байна гэлээ. Хөдөөгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр хөтөлбөр боловсруулсан ч эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед өргөн барьж чадахгүй байгаа. Багш нарт олгох 13 нэмэгдлийг хэрхэн хүргэх асуудлыг голлон анхаарч байгаа гэсэн тайлбарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21787
0 эможи
keyboard_arrow_up