УИХ-ын дарга З.Энхболд Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.05.12/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Венесийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Роберто Венес УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрээр “1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид гарын үсэг зурж, соёрхон баталсан анхны орнуудын нэг нь Монгол Улс. Үүнээс хойш 25 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хүүхэд залуучуудынхаа сайн сайхны төлөө тасралтгүй анхаарч, ажиллаж ирсэн. УИХ-д Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг өргөн барьсан тухай мэдээлэл бидэнд байна. УИХ-ын дарга та хүүхдийн эрхтэй холбоотой хуулийн төсөлд онцгой анхаарч, хүчин чармайлт гарган ажилладагт талархал илэрхийлье.
Монгол Улс одоо ч хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, сурч боловсрох, улс нийгмийнхээ үйл хэрэгт идэвхтэй оролцох, хамгаалагдах гэсэн эрхүүдийг нь хангахын төлөө нөөц бололцоогоо дайчлан ажилладаг. Нийгмийн бүх суурь үйлчилгээг чанартай бас хүн бүрт хүртээмжтэй байлгах, Хүүхдийн эрхийн тухай конвенцид багтсан бүх эрхийг хангах, хамгаалах нь Монгол Улсын үндсэн нэг үүрэг юм. Хүүхэд, хойч үедээ хөрөнгө оруулалт хийх нь Монгол орны ирээдүйн хөгжлийн түлхүүр мөн” гэв.
Түүнчлэн Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 25 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад, энэ хугацаанд хойш хүүхдийн төлөө үлэмж ахиц дэвшил гаргаж чадсан нь Монгол Улс хүүхдийн эрхийг хангахын төлөө чин хүсэл эрмэлзлэлтэй болохын нотолгоо гэв. НҮБ-ын Хүүхдийн сан цаашид хүн амын ундны усны хангамж, хүүхэд хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас үл хамааран тэнцвэртэй, ижил эрх эдлэх нөхцөл боломжоор хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллах талаар УИХ-ын даргад танилцууллаа.
УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, өнөөдөр хүүхдийн төлөө хийж буй хөрөнгө оруулалт бол Монгол Улсын ирээдүйд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдэгтэй санал нэг байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил ажилласан ноён Роберто Венес таны туршлага манай улсын энэ чиглэлийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан манай улсын хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж, хамтран ажилладагт талархал илэрхийлсэн юм. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Мөн тэрээр “Хүүхдийн эрхтэй холбоотой бүх асуудалд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарч, нэн тэргүүнд тавьж ирсэн уламжлалтай. Одоогоор Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өчигдөр Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан, ойрын хугацаанд хэлэлцэх болно. Зөвхөн дээрх хоёр хуулиар хязгаарлагдалгүй, хүүхдийн асуудлыг шийдвэрлэх олон хуулиудыг УИХ хэлэлцэн баталж ирсэн” гэлээ.
Амьжиргааны түвшин, амьдарч буй орчноосоо үл хамааран хүүхэд бүр эрхээ тэгш эдлэх бололцоог хангах тал дээр үе үеийн УИХ ажиллаж ирснийг онцлон тэмдэглээд, цаашид хүүхдийн эрхийг хамгаалах асуудал, ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд эрхээ эдлэх ижил тэгш боломж олгох чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай УИХ хамтран ажиллах сонирхолтой байна гэв.
Мөн “Онлайн эрх чөлөө” эвслийн 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд Хүүхдийн санд талархал илэрхийлээд, цахим ертөнцөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь хуралд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байсныг дурдлаа. Цаашид цахим ертөнцөд хүүхдийн эрхийг хамгаалах, буруу зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судалж үзэхийг хүслээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон албаны бусад хүмүүс оролцлоо.
1990 онд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан анхны орнуудын нэг бөгөөд конвенцийн 3 нэмэлт протоколд нэгдэн орсон. 1990-2014 оны хооронд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 35 хувиас 79 хувь болж өссөн байна. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан бол 2006 онд сургуулийн орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон. 2012 оноос хойш хүүхэд бүр хүүхдийн мөнгө хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд 1990-ээд оны дунд үетэй харьцуулахад бага боловсролын төгсөлт 75 хувиас 98 хувь болж өсчээ. 1997 оноос нийгмийн ажилтан бэлтгэж эхэлсэн нь хүүхэд хамгааллын салбарт чухал алхам болсон. 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах тухай заалт боловсролын хуулинд оржээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.