Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд танилцуулга хийв
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд өнөөдөр /2015.05.11/ Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Ажлын хэсгийн гишүүд танилцуулга хийлээ.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төсөл шүүхийн өмнөх шат, шүүхийн шатанд ямар байх талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг сонссоны дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хуулийн төсөлд шүүгч тухайн хэргийг 15 хоногийн хугацаанд урьдчилан уншиж ордог нөхцөлийг өөрчлөхөөр тусгасан болохыг онцлоод хэргийг таслан сэргийлэх гол зохион байгуулалтын талаар тодруулав. Хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн “Шаардлагатай бол тухайн хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдүүлнэ. Энэ хугацаанд нэгэнт хэргийг нотлоод прокурор шүүхэд шилжүүлсэн учраас хэргийн материалтай шүүгч урьдчилсан байдлаар танилцах боломжтой. Гэхдээ өмнөх хуулийн зохицуулалтаас ялгаатай нь шүүх дангаараа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй. Талуудын оролцоотойгоор хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд явуулсан эсэх, хүний эрхийн зөрчил байсан эсэх, шүүх хуралдааны тов, шүүх хурлын оролцогчдыг тодорхойлж шийдвэр гаргана” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү нарын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.