Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

2015 оны 5 сарын 08

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.08. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байсан ч уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн, “Ажлын хэсгээс гаргасан саналууд олонхийн дэмжлэг авч чадаагүй тул байнгын хороогоор дахин анхны хэлэлцүүлгийг хийх саналтай байна. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” хэмээн горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан энэхүү саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас 2014 оны 12 сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл дээр Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад, нийслэл хотын нутаг давсгэрээс бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, үйлчлүүлсэн зочид буудал, амралтын газар, баар, рестораны үйлчилгээнд хотын албан татвар ногдуулах, татварыг 0-1.0 хувь байхаар тусган оруулж ирсэн. Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын эхний дөрвөн санал гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй учраас ажлын хэсгээс горимын санал гаргаж төслийг хэлэлцэхийг хойшлуулахад хүрсэн юм.

Үүний дараа Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүн А.Тлейхан танилцуулсан.

Хууль санаачлагч илтгэлдээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 130 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан тухай дурдсан.

Харин байнгын хорооны санал, дүгнэлтэд, Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зорилт, арга хэмжээнүүдийг тусгасан байна. Засгийн газар макро эдийн засгийн тогтортой байдлыг хадгалж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.0 хувь, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг нэг оронтой тоонд барих, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эдлэх хувийг 28.6 хувь, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -4.0 хувь байлгахаар тус тус төлөвлөсөн төслийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд, дэмжиж ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэж мэдэгдсэн.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Засгийн газрын гишүүд болон холбогдох ажилтнууд хариулт өгч, зохих тайлбарууд хийгдсэн юм.

Тухайлбал, Р.Амаржаргал  гишүүн Засгийн газраас оруулж ирж байгаа энэ Үндсэн чиглэлийн баримт бичиг хэр үндэслэлтэй вэ. Өнөөгийн үүсээд байгаа бодит байдлыг илэрхийлж чадаж байна уу. Илэрхийлж чадсан бол үүндээ үндэслээд дараа, дараагийнхаа авах арга хэмжээг зөв тодорхойлж чадсан уу. Макро түвшинд үүссэн нөхцөл байдал микро түвшинд нөлөөлж байгаад Монголбанк хариуцлага хүлээдэггүй юмуу. Хариуцлага хүлээлгэх цаг болсон юм биш үү хэмээв.

Түүний асуултад С.Баярцогт сайд, Үндсэн чиглэлийг боловсруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөлөлтэй хамт боловсруулагдсан учраас эдийн засгийн тооцоо судалгааны хувьд төсөв, санхүүгийн байдалтай уялдаж гарсан байгаа. Мөн ирэх баасан гарагт Ерөнхий сайд санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх тул гишүүд тодорхой мэдээллийг авах боломжтой болох юм гэж хариулсан.  

Түүнчлэн Х.Болорчулуун гишүүн, намуудын мөрийн хөтөлбөрийг хэр тусгасан талаар тодруулж байсан бол Ө.Энхтүвшин, С.Ганбаатар нарын гишүүд бодлогын уялдаа хангагдаагүй байгаа байдал нь ОУВС-ийн хөтөлбөрийг авахыг санал болгох үндэс болж байна хэмээв.

С.Баярцогт сайд, Үндсэн чиглэл олон баримт бичиг дээр суурилж байгаа учир намуудын мөрийн хөтөлбөр тусгалаа олсон гэж хэлж болно. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хувилбарын хувьд 2008 оны хямралын үед улстөрийн зөвшилцөл хийж чадсанаар богино хугацаанд хямралаас гарч чадсан. ОУВС-ийн хөтөлбөр авна гэдэг бодлогын нэг сонголт. Энэ бодлогын сонголтыг Засгийн газар хийх боломжтой гэв.

Л.Энх-Амгалан, Д.Сумьяабазар нарын гишүүд, Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг улсын төв банктай хэлэлцэхгүйгээр оруулж ирж байгааг үнэхээр гайхаж байна. Жил бүрийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үед мөрөөдлийн жагсаалтууд гарч ирдэг. Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх ёстой байгууллага нь Үндсэн чиглэл боловсруулахад оролцоогүй гэлээ. Төсөв, мөнгөний бодлого уялдаж байж ирэх жилүүдийн эдийн засгийн төсөөлөл хийгдэх ёстой. Гэтэл Монголбанк нь баримт бичиг боловсруулахад оролцоогүй байхад Сангийн яам Үндсэн чиглэлийн баримт бичгийг боловсруулаад орж ирж байна.

Харин Монголбанк Үндсэн чиглэлийг боловсруулахад оролцоогүй шалтгааны талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Монголбанк  мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ 2016 он дуустал Улсын Их Хурлаар батлуулчихсан. 2016 оны Үндсэн чиглэлийг  боловсруулахтай  холбоотойгоор мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах   шаардлагагүй хэмээн үзэж буй тухай хариулт өгсөн.

Мөн Үндсэн чиглэл байх ёстой юм уу, жил болгон өмнөх жилтэйгээ адил зүйл бичиж оруулж ирэх шаардлага байна уу гэсэн гишүүдийн асуултад С.Баярцогт сайд, цаашид жил бүр эдийн засаг, нийгмийн үндэс чиглэлийг хэлэлцдэгээ больё гэсэн саналтай байгаа. Хуульд өөрчлөлт оруулж байж л хуучин арга барилыг өөрчилнө. Ирэх жилээс гурван үндсэн баримт бичиг бий. Үүнийг хоёр болгож нэгтгээд хавар, намар хэлэлцэхгүй байх боломжтой болно. Үүнийг хамтраад хийх боломж бий болох байх хэмээн тус тус хариулж байсан.

Ингээд гишүүд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан Засгийн газрын гишүүд, холбогдох ажилтнуудаас асуулт асууж, тодруулга авсны дараа байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм.

Харин санал хураах болоход хуралдаан даргалагчийн зүгээс завсарлах цаг болсныг мэдэгдээд хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдуулахаар түр өндөрлүүлсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21641
0 эможи
keyboard_arrow_up