Д.Батцогт: Сонгууль угтсан улстөр яваад байна
Тэтгэврийн зээлийн хүү бууруулах, тэтгэврийн насыг урагшлуулна гэдэг арга барсан ажил
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.
-УИХ Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд өөрчлөлт оруулахаар төслийг хэлэлцэж байна. Өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан нь юу юм?
-Энэхүү хуулиар 1960 онд мэндэлсэн эмэгтэйчүүд энэ оноос тэтгэврээ тогтоолгоно. Гэвч 2015 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ижил мэргэжлийн адил төвшний цалин авдаг, ажилласан жил нь ижил тэтгэвэр авагчтай харьцуулахад 30 хувийн доогуур тэтгэвэр авах нөхцөл үүссэн учраас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тэтгэврийн зөрүү нь 103 мянган төгрөг болж байгаа. Жишээ татах юм бол Нэрийн дансны хуулиар тэтгэвэр тогтоолгох иргэн 200 мянган төгрөгийн, Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэртээ тогтоолгосон нь 303 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг тэгш бус харилцаа үүсэх болчихоод байгаа. Тийм учраас одоогийн тэтгэвэр тогтоолгох зарчмаа барих юм.
-Энэ онд нийт хэчнээн иргэн тэтгэвэр тогтоолгох вэ, бүгд бага тогтоогдох болж байгаа юу?
-Нийт 15 мянган иргэн тэтгэвэр тогтоолгохоос 70 хувийнх нь тэтгэвэр бага тогтоогдохоор байгаа. Голчлон бага цалин авдаг байсан иргэдийн тэтгэвэр 103 мянган төгрөгөөр доогуур тогтоогдох судалгаа гарсан.
-Юунаас болоод ийм зөрүү үүсчихэв. Тэтгэврийн зөрүүг арилгана гээд Засгийн газар бүр хууль өөрчилдөг санагдах юм?
-Олон зүйл шалтгаалсан. Юуны өмнө өнөөдрийн НДШ төлөгчдийн мөнгийг ахмадууддаа тэтгэвэр болгож өгч байгаа гэдгийг хэлэх ёстой болов уу. Нэрийн дансны тухай хуулийг баталсан хэрнээ даатгуулагчийнхаа мөнгийг хуримтлуулж чадаагүй. Засгийн газар санд 8.8 их наяд төгрөгийн өртэй болсон байна. Дээр нь Засгийн газар бүр тэтгэвэр нэмж ирсэн нь зөрүү үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Зах зээлийн нийгэмд шилжсэн 25 жилийн хугацаанд 21 удаа тэтгэвэр нэмсэн байгаа юм. Тэтгэвэр нэмэх шаардлага бий ч сонгууль угтаж нэмсэн тохиолдлууд бас бий.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар дээрх иргэдийн тэтгэврийг тогтоохоор төсөвт ачаалал үүсэх үү?
-Үүсэхгүй, НДШ-ээ нөхөж төлөх асуудал ч иргэдэд үүсэхгүй.
-Тэтгэврийн нэрийн дансны хуулийг хэзээнээс мөрдөж, тэтгэвэр тогтоолгоно гэсэн үг вэ.
-1979 онд мэндэлсэн иргэнээс хойш Нэрийн дансны тухай хуулиар тэтгэврийг тогтоох бодлого барьж байна, тэр хүртэл Нэрийн дансанд тодорхой мөнгөн хуримтлал бий болгохын төлөө ажиллая гэж байгаа юм.
-Дахиад л асууя, цаашдаа тэтгэврийн зөрүү арилах уу?
-Тэтгэврийн тогтолцоогоо төгс шийдсэн улс байдаггүй юм билээ. Тэгэхдээ энэ тал дээр тодорхой ахиц гаргая гээд бусад улсын туршлага судлаад ажиллаж байна. Жишээ нь, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл бий болгож, сонголттой болгоё. НДШ-ээ өндөр төлөөд ирээдүйдээ өндөр тэтгэвэр тогтоолгох иргэн байвал сонголтыг нь өгье гэх мэтчлэн. Засгийн газрын зүгээс тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгохыг зорьж байна, зөв алхам. Даатгуулагчиддаа ч ашигтай.
-Нэрийн дансыг мөнгөжүүлэх тухай ярьж эхэллээ, ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ?
-Санг мөнгөжүүлэх асуудлыг УИХ анхаарч, Засгийн газарт шахалт үзүүлж ажиллах ёстой. Жил жилийнхээ улсын төсөвт тодорхой мөнгө суулгаад сан руугаа оруулаад зөв менежмэнт хийх бодлого бариад явах гарц бий. Ийм алхам хийхгүй бол үе үеийн парламент, үе үеийн Засгийн газар хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг шиг Нэрийн дансыг мөнгөжүүлэхгүй явсаар өнөөдөр 8.8 их наяд төгрөгийн өр үүсгэчихлээ. Цаад талдаа бол даатгуулагчдын эрх ашиг юм. Сар бүр шимтгэл төлөөд байдаг, ирээдүйдээ хэрэглэнэ гээд. Гэтэл санд төвлөрсөн юм байдаггүй, өнөөдөр нь дуусч, иргэд л хохирч байна. Хоосон бичилт л хийгээд явдаг. Цаашдаа ингэж таарахгүй.
-УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд тэтгэврийн зээлийн хүү өндөр байна, буулгах боломжтой гэдэг асуудлыг тавих боллоо. Саяхан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байнгын хороонд ажлаа тайлагнасан. Энэ үеэр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар ярьсан уу?
-Тэтгэврийг 21 удаа нэмсэн тухай би хэлсэн. Түүний нэг хувилбар болох сонгууль угтсан улс төр л яваад байгаа.
УИХ-аас арилжааны банкуудыг тэтгэврийн зээлийн хүүг бууруул гэдэг шийдвэр гаргах бололцоогүй. Хуульд ч тийм заалт байхгүй. Нөгөө талдаа арилжааны банк гэдэг буяны байгууллага биш. Хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын зөрүүн дээр үйл ажиллагаа эрхэлдэг. Инфляци өндөр байна, өнөөдөр, энэ тохиолдолд хүүг хүчээр бууруулж болохгүй. Валютын ханшийг тогтворжуулахын тулд төв банк бодлогын хүүгээ нэмж байсан. Юм бүхэн уялдаа холбоотой.
Ер нь бол тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэж байгаад даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулбал хэн хариуцлагыг нь хүлээх юм. Судлахаас эхлээд их зүйл бий.
Банкуудын хувьд тэтгэврийн зээл хамгийн эрсдэл өндөртэй зээл гэж ярих юм билээ. Зөвхөн нэг талаас харж болохгүй. Гэхдээ байнгын хорооны төвшинд нэр бүхий гишүүдээс санал гарсан учраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг арилжааны банкуудтай уулз, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бололцоо байна уу гэдгийг судал гэдэг үүргийг өгсөн. 14 хоногт багтаан судалж, байнгын хороонд эргэж танилцуулна.
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд тодорхой хувийн хүүтэйгээр байршуулснаар хэр өсдөг юм бэ?
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-өөс танилцуулснаар өнгөрсөн жилийн тухайд 78 тэрбум төгрөгөөр мөнгөн хөрөнгө арвижсан байсан. 600 орчим тэрбум төгрөгийг байршуулахад энэ хэмжээний хүүгээр арвижсан. Үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлж 3, Ажил олгогчийг төлөөлж 3, Үйлдвэрчний байгуллагыг төлөөлж 3 гишүүн ажилладаг. Тус зөвлөл жил бүр шийддэг.
-НДҮЗ-ийн зарим гишүүнийг өөрчлөх шаардлага байгаа тухай МАН-ын гишүүд хөндсөн. Агентлагийн дарга, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч хоёр ажил олгогчийг төлөөлөхөөр яадаг юм гэж... Энэ асуудлыг яах вэ?
-НДҮЗ-ийн зарим гишүүдийг өөрчлөх шаардлагатай гэсэн чиглэлийг байнгын хорооноос өгсөн. Агентлагийн дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч хийж байгаа хүн НДҮЗ-ийн гишүүн хийж байгаа нь үнэн. Гэхдээ НДҮЗ-ийн дарга “Одоогийн албан тушаалдаа томилогдоогүй байхдаа НДҮЗ-ийн гишүүнээр томилогдсон гэсэн тайлбар хийсэн.
-Тэтгэврийн нас өөрчлөгдөх үү гэдэг асуудал анхаарал татаж байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэтгэврийн насыг хойшлуулах шаардлага байна гэж байхад МАН-ын гишүүд малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагш татах ёстой гэх. Засгийн газраас оруулж ирсэн Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогод ямар дүр зураг гарч байгаа вэ?
-Япон улс Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогоо 100 жилээр гаргасан байна. Бид 100 жилээр гаргах нь юу юм, 20 жилээр тэтгэврийн бодлогоо гаргана. Хүн амын дундаж наслалт өндөр боллоо, тэтгэвэр авагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Дээр нь 1960-1970 оны оргил үеийн төрөлт тодорхой хугацааны дараа тэтгэврийн даатгалын санд огцом ачаалал үүсгэхээр байна. Тийм учраас эдгээр асуудлыг ирээдүйн 20 жилтэйгээ дүйцүүлж харах шаардлага байна гэдэг санал орж ирсэн. Тэгэхдээ УИХ-аас Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлого батлангуут тэтгэврийн нас шууд таван насаар хойшлогдоно гэж ойлгож болохгүй. Нөгөө талдаа ийм асуудал яригдаж байхад тэтгэврийн насыг урагшлуулах тухай байж таарахгүй. Зарим намын зүгээс малчдын тэтгэврийн насыг урагш татах тухай хууль өргөн барьсан, дэмжих бололцоогүй.
-Яагаад дэмжих боломжгүй гэж... Малчид цаг наргүй л жилийн дөрвөн улиралд ажиллаж байна шүү дээ?
-Бид өнөө маргаашийн улс төрөө бодож бодлого баталж болохгүй. Алс хэтийг харж, төлөвлөдөг байх ёстой, судалгаатай байх ёстой. Ард түмэнд таалагдахын тулд өнөөдөр бид тэтгэврийн насыг урагш татаад, тэтгэврийн зээлийн хүүг бууруулаад явж болно л доо. Гэхдээ энэ бол аргаа л барсан ажил. Бодит нөхцөл байдал биднээс өөр зүйл шаардаж байгаа, нөхцөл байдлыг хэлсэн. Нурших хэрэггүй болов уу.
-Тэгэхээр Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогод тэтгэврийн насыг хэдэн оноос хойшлуулахаар тусгасан байгаа юм бэ?
-Хүн амын насжилттай уялдуулан эмэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох насыг 2017 оноос шат дараатай нэмэгдүүлэх зарчмаар 2027 онд 60 насанд, харин эрэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох насыг 2027 онд 62 насанд тус, тус хүргэх гэсэн заалт бий. Дундаж наслалт уртасч, тэтгэвэр авагчдын тоо өсч байгаа учраас зайлшгүй ийм нөхцөл үүсч байгаа юм.
-Гэхдээ малчид “МАН-ын гишүүд тэтгэврийн насыг 5 насаар урагш татаж өгнө” гэсэн хүлээлттэй байх шиг байна?
-Тооцоо судалгаанд үндэслэлгүй, урьдчилж популизм маягаар ярихаар хүмүүст хий хоосон горьдлого төрүүлээд, шийдвэр нь бүтэхгүй болохын цагт нэг нь ард түмэндээ нэг их хайртай, нөгөө нь эсэргүүцээд байгаа юм шиг буруу сэтгэгдэл төрүүлэхээр юм яваад байгаа байхгүй юу. Сонгуулиа бодоод малчдаас санал авъя гэвэл дэмжээд явах л байх, улс орноо бодвол тэтгэврийн насыг урагш татахгүй л байх ёстой л юм.