Хүнсний хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөх уулзалт боллоо
Хүнсний тухай хууль болон түүнийг дагалдан гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт, хүнсний үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилготой зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2015.05.07/ Төрийн ордонд боллоо.
Улсын Их Хурлын гишүүн, Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва зөвлөлдөх уулзалтыг удирдан явуулсан бөгөөд уулзалтын эхэнд “Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах зорилгоор хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг тодруулсан. Юуны өмнө манай хүнс үйлдвэрлэгчид орчин үеийн технологи, дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Энэ үеэр хүнс үйлдвэрлэгчдээс тулгамдаад буй хэд хэдэн асуудлуудаа хэлж, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх шаардлагатай хэмээн ярьж байсан. Үүний үндсэн дээр өнөөдөр Хүнс хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар тэргүүтэй холбогдох төрийн байгууллага, яамдын мэргэжилтнүүд болон хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна” гэлээ. Түүнчлэн зөвлөлдөх уулзалтаар хүнс үйлдвэрлэгчдэд тулгамдаад буй тодорхой асуудлуудыг бүх талын оролцоо, ойлголцолын үндсэн дээр хууль, дүрэм, журмын хүрээнд шийдэх гарцыг тодорхойлох зорилготой гэдгийг онцлон, оролцогчдын ажил хэрэгч хандахыг уриалав.
Зөвлөлдөх уулзалтаар автомашины дугаарын хязгаарлалтыг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгслүүдэд хамааралгүй болгох, махны экспортыг дэмжсэн атлаа үүний эсрэг малыг амьдаар нь экспортолж байгаа асуудлыг цэгцлэх, махны экспортын квотыг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын саналыг үндэслэн хуваарилах зэрэг хэд хэдэн асуудлыг ярилцаж, бүх талын оролцоотойгоор шийдвэрлэх гарцын талаар зөвлөлдсөн. Мөн хүнс үйлдвэрлэгчдийн зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын үйл явцын талаар санал, шүүмжлэл гарсантай холбоотойгоор хяналт шалгалтыг хуулийн хүрээнд зохих дүрэм, журмын дагуу явуулах, мэргэжилтнүүдийн хариуцлага, чадавхийг дээшлүүлэхэд анхаарах нь зүйтэй хэмээн ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.