Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, тогтоол батлав
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.07.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулсан юм.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8, 18 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 05 дугаар дүгнэлт гаргажээ.
Уг дүгнэлтэд Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах” гэсний “...шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт..” гэсэн хэсэг нь, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох дүгнэлт гаргах.”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална”, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 60 хувь хүртэл байна.” гэж заасны “...шийдвэрийн чанар, ...уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана...”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Иймээс Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтын холбогдох хэсгийг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулсан юм.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан, Ц.Оюунбаатар нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав. Нэгэнт шүүгчид тавигдах шалгуур үзүүлэлтийг журмаар зохицуулах боломжгүй гэж үзсэн учраас шүүгчид тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хуульчлах шаардлагатай болж байна. Иймээс байнгын хороо холбогдох хуулийн төслийг боловсруулж ойрын үед оруулж ирж хэлэлцүүлнэ гэдгээ Хууль зүйн байнгын хорооны дарга хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд гишүүдийн 73.1 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.