Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.06/ хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Сангийн сайд, дэд сайд нар хуралдаанд ирээгүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.
Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулав.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд анх батлагдан гарснаас хойш 2002, 2003, 2006 болон 2011 онд нийт 6 удаа удаа нэмэлт өөрчлөлт орсноор өнөөг хүртэл мөрдөгдөж байна.
Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, санхүүгийн тайланг хэрэглэгчид болох аж ахуйн нэгж байгууллагын гишүүд, хувьцаа эзэмшигчид, банк санхүүгийн байгууллагын болон төрийн санхүүжилтийг аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн бодитой мэдээлэлд тулгуурлан хийдэг тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг тусган Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болоод байгаа тул энэхүү шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм байна.
Танилцуулгатай холбогдуулан Р.Амаржаргал, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын талаар асуулт асууж, саналаа хэлэв. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна гээд нягтлан бодох, бүртгэлтэй холбоотой асуудал гарахад зөвхөн захирлууд хариуцлага хүлээдэг, Ерөнхий ня-бо нарыг хариуцлагажуулах талаар зохицуулалт тусгах, мөн Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо нь сайн дурын байгууллага хэдий ч төрийн байгууллага болгож хувиргасан байдлыг засах шаардлагатай тухай саналуудыг хэлж байсан.
Гишүүдийн санал, тодруулгын дараа уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Дараа нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, тус байнгын хорооноос гаргах санал дүгнэлтийг холбогдох байнгын хороодод хүргүүлэхээр тогтсон.
Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх болоход Ч.Хүрэлбаатар гишүүн, Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ татвар нэмэхгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Гэтэл Улсын Их Хурал татвар нэмэхээр хуулийн төсөл хэлэлцэж байна. Энэ нь зүйд нийцэхгүй тул ажлын хэсэг Ерөнхий сайдтай ярилцаж байж төслийг оруулж ирэх хэрэгтэй хэмээгээд төслийг хэлэлцэхийг хйошлуулах горимын санал гаргасан. Ингээд түүний гаргасан горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураан анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Харин хуралдааны төгсгөлд Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж эхэлсэн ч Ч.Хүрэлбаатар гишүүн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй хэмээн ирцнээс гарснаар ирц хүрэхгүй болж байнгын хороо цааш хуралдах боломжгүй болсон юм. Байнгын хорооны дарга, ирц хүрэхгүй болсон тул дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцье гээд өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлсэн хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ