Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2015.05.06/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хүн амын өсөлтийг дэмжихээр тусгасан. Өргөн уудам нутагтай, цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд хөгжлийн түвшинг нэмэгдүүлэхэд хүн амын тоогоо өсгөх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Сүүлийн жилүүдэд хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох мөнгөн тэтгэмж зэрэг гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч гэрлэлтийн дундаж нас хойшилж, хотын өрх 61.9 хувиар өсч, харин хөдөөгийн өрх 4.3 хувиар буурчээ. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ч хөдөө орон нутгийг хөгжүүлэх, ажиллаж, амьдрах таатай орчинг бий болгох талаар дорвитой шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүүхдийг гэр бүлд нь хүмүүжүүлэхийг эрхэмлэх, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхдийг үрчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар иргэн гэрлэлтээ бүртгүүлэх, хүүхдийн тэтгэлгийг төлүүлэх нөхцөл хангагдах, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдаж, төрийн үйчилгээг гэр бүлд хүргэх, төрийн бус байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ 2014 оны байдлаар 823.4 мянган өрх, түүний 64.4 хувь нь хотод, 35.6 хувь нь хөдөөд байгаа бөгөөд улсын дунджаар нэг өрхөд 3.7 хүн ногдож байна. Нийт 17.3 мянган хос 2014 онд гэрлэлтээ бүртгүүлж, 3.7 мянган гэр бүл цуцлуулж, 1.7 мянган хүүхдийг үрчилж авчээ. Тухайн жилийн гэрлэлтийг цуцлалттай харьцуулсан харьцаагаар авч үзвэл гэр бүл цуцлалтын эзлэх хувь өмнөх оноос 1.1 пунктээр буурсан байна. Ганц биеэрээ өрх үүсгэн амьдардаг өрх нийт өрхийн 10.6 хувийг эзэлж байгаа буюу 10 өрх тутмын нэг нь ганц бие өрх байна. Гэр бүлээ цуцлуулах, тусгаарлах явдал 30-60 насныханд хамгийн их байдаг бөгөөд ийм өрхийн 70 хувь нь 0-15 насны дунджаар 2-3 хүүхэдтэй байгаа нь нийгмийн эмзэг асуудал хэвээр байгааг дурдлаа.
Хэлэлцүүлэгт “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, шинэчлэлийн агуулга”-ын талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай танилцуулга хийсэн юм.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын ажлын албаны дарга, Ахлах зөвлөх С.Ламбаа удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.