Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2015.05.06/ үдээс хойш хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байв.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдаас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтээ тус байнгын хороо болон намын бүлэгт ирүүлсэн учраас төслийн хэлэлцүүлгийг арав хоногоор хойшлуулах горимын санал гаргасан юм.
Уг саналтай холбогдуулан байнгын хорооны дарга А.Бакей энэ хуулийн төсөл өргөн баригдаад бараг нэг жил болж байна. Энэ хугацаанд олон удаагийн хэлэлцүүлэг хийж, нухацтай авч үзсэний эцэст байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ хуулийг дагалдаж 80 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа.
Харин Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдаас Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдтэй нэгбүрчлэн танилцаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж саналаа өгөх шаардлагатай байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг арав хоногийн хугацаатай хойшлуулах хүсэлтэй байна гэсэн агуулгатай албан бичиг ирүүлсэн талаар гишүүдэд танилцуулсан юм.
Ингээд горимын саналаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжлээ.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тус байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд нээлттэй үлдээж, гишүүдийн саналыг авч тусгасны үндсэн дээр тогтоолын төслийг нарийвчлан боловсруулж үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан тус байнгын хорооны гишүүд болон хуралдаанд оролцсон бусад гишүүд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Байнгын хорооны дарга А.Бакей нараас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Р.Гончигдорж, Б.Гарамгайбаатар, Н.Алтанхуяг нар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, дутуу хэрэгжилттэй байгаа зорилт, арга хэмжээг гүйцээхэд анхаарах, шаардлагатай бол асуудлыг Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэн хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдүүлэх хэрэгтэй гэсэн саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, М.Энхболд, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн талаар байнгын хороо санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зөв, түүнээс тогтоол гаргах шаардлагагүй, харин эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ийм үед хямралыг даван туулах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас гаргасан дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Тус байнгын хорооны хуралдааны дараа Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан болж, дэд хорооноос Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.