М.Батчимэг: Чөлөөт хэвлэл бол ардчилал, эрх чөлөөний төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа

2015 оны 5 сарын 06

(Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт)

2015 оны хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Сэтгүүлзүйн хөгжлийн төлөө” уриатайгаар тэмдэглэх шийдвэрийг ЮНЕСКО-гоос гаргаж, дэлхийн олон орны чөлөөт хэвлэлийг дэмжигчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан энэхүү уриан дор хэвлэлийн эрх чөлөөний төлөөх дуу хоолойгоо нэгтгэж байна.

Сэтгүүлзүйн салбарын хөгжил, нэн ялангуяа чөлөөт хэвлэлийн төлөвшил бол эрх чөлөөт нийгмийн хамгийн чухал баталгаа юм. Дөрөв дэх засаглал хэмээн нэрлэгддэг энэ салбар хөл дээрээ зогсож, хөгжин дээшлэхийн хэрээр өндөр эрх мэдэлтэй засаглалын институцүүдийн эрүүл саруул төлөвшилд хувь нэмрээ оруулах боломж бүрддэг ажээ.

Монгол бол ардчилсан орон. Монголын нийгмийн уламжлалт онцлог, манай улсыг хүрээлж байгаа гадаад орчин гээд олон учир шалтгаанаар бид ардчилал бол Монголын ирээдүй гэдэгт итгэдэг. “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг философитой монголчуудын хувьд ардчилал бол итгэл үнэмшил, үнэт зүйл төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа. Олон том гүрний сонирхлын уулзварт орших Монгол Улс төрийн эрх мэдлээ нэг гарт төвлөрүүлэх бус, иргэдийнхээ мэдэлд байлгаснаар бүрэн эрхт байдлаа хадгалж хамгаалах боломж илүү бүрдэнэ. Үүнээс ургуулан ардчилал, эрх чөлөөний баталгаа болох чөлөөт хэвлэлийн хөгжил нь монголчуудын хувьд мөн үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа гэж хэлж болно. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ үзэл санаа нэвт шингээстэй бий.

Ардчилал бол амаргүй зам. Эрх чөлөөнөөс буцах зам эрх чөлөөнд хүрэх замаас хавьгүй амархан, хавьгүй богинохон. Монголчууд замд тулгарах бэрхшээл сорилтоос няцаж эрх чөлөөний талбарт олсон ололтоосоо ухрахгүй гэж ам бардам хэлэх баталгаа өнөөдөр хараахан бий болоогүй байна. Бид олон олон сорилтыг даван туулахаар хичээн зүтгэж байгаа бөгөөд угтан ирэх он жилүүд биднээс магадгүй туулж өнгөрүүлснээс илүү зориг тэвчээр, бүтээлч хөдөлмөрийг шаардах биз ээ.

“Зорилго арга замаа зөвтгөдөг” гэсэн Лениний үг байдаг. Харин хүний эрхийг дээдэлдэг нийгэм хүний амь нас, эрх чөлөөг ямар нэгэн ариун зорилгын төлөө золиослохыг хүлцэн дэмждэггүй. Энэ бол коммунист үзэл суртал, ардчиллын үнэт зүйлсийн хооронд орших том ялгаа билээ. Тиймээс эдийн засгийн хөгжлийн төлөө, илүү чинээлэг амьдралын төлөө гэхчлэн олон шалтаг, шалтгаанаар ардчиллаас, хүний эрх, эрх чөлөөнөөс, чөлөөт хэвлэлээс буцах замыг бид хэзээ ч зөвтгөх ёсгүй.

Өнөөдөр бидэнд чөлөөт хэвлэлийн үнэ цэнийг ийнхүү үнэлэн дээдлэхийн цаана “чөлөөт” хэмээх үгийн жинхэнэ утгыг таньж ойлгох, итгэл үнэмшлээ болгох чухал шаардлага тулгарч байна.

Монгол Улс 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний анхны хуулиа баталснаас хойш төрөөс хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд цензур тавих, хорьж цагдах явдал эрс багассан гэж үздэг. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа цахим мэдээллийн орчинд хяналт тавих, сайтын комментын агуулгыг цензурдэхтэй холбоотой зарим тогтоол шийдвэрийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Сэтгүүлчийг “гүтгэсэн” хэмээх зүйлчлэлээр эрүүгийн хэрэгт татаж шалгадаг эрх зүйн зохицуулалт Монголд хүчинтэй хэвээр байгаа. Томилгоо, санхүүжилтийн хувьд төрөөс хамааралтай олон нийтийн радио телевизэд албан тушаалтнууд шууд нөлөөлдөг хэвээр байна. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа зарим хууль тогтоомжид хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан утгатай заалтууд нэмэгдэж байгааг салбарынхан шүүмжилж байгаа. Гэвч иймэрхүү хуулийн зохицуулалтууд УИХ-ын босго давсан нь бараг үгүй,  олонх нь буцаагддаг, эсвэл хэлэлцүүлгийн явцад засагддаг гэдгийг бас онцлон хэлэх ёстой. Өргөн утгаар нь авч үзвэл төрөөс хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд албан ёсоор оролцож хориг хязгаарлалт тавих боломж Монголд хомс болсон.

Төрийн оролцоо зохих хэмжээнд багассан гэж үзвэл Монголын сэтгүүлзүй өнөөдөр хэнээс хараат байна вэ? Чөлөөт сэтгүүлзүйн хөгжлийг юу чөдөрлөж байна вэ?

Монголын сэтгүүлзүй төрийн мэдлээс харьцангуй холдсон ч улс төр, эдийн засгийн хүчтэй нөлөөллөөс, эрх мэдэл, мөнгөнөөс хараат байдалд байна. Монголын нийгэм, Монголын ардчилал захиалгат сэтгүүл зүйн золиос болохгүй гэх баталгаа байхгүй байна.

Монгол Улс гурван сая хүнтэй ч манайд өнөөдөр хоёр зуу шахам телевиз, зуу шахам сонин, мөн ойролцоо тооны сэтгүүл, хэдэн зуун мэдээллийн сайт ажиллаж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Хэвлэлийн зах зээлд өөрийн байр сууриа баттай эзэлсэн, мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээж олон бий. Үүний цаана улс төрч голдуу эзэдтэй, улс төрийн захиалгаар ажилладаг, сэтгүүлзүйн мэргэжлийн болоод ёс зүйн наад захын хэмжүүрт нийцэхээргүй, улс төрийн хов живээр голдуу амьдардаг хэвлэл мөн олон бий. Нэгэнт хэвлэлийн жижигхэн зах зээл дээр бизнесийн шударга өрсөлдөөний замаар оршин тогтнох боломж бага учраас хэн мөнгө төлсөнд нь үйлдчилдэг, нотолгоо баримтгүй, захиалагч, уран бүтээлч нь нэр нүүрээ нуусан захиалгат мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүд хаа сайгүй байсаар. 

Ийм байдал даамжрах нэг гол шалтгаан нь хэвлэл мэдээллийн салбарын хууль эрх зүйн зохицуулалт хурдтай хөгжиж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн зах зээл, уншигч үзэгчдийн эрэлт хэрэгцээг гүйцэхгүй болсонтой холбоотой гэдгийг салбарынхан ч, иргэд, олон нийт ч хэлдэг.

Хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүйн үндэс суурь, шалгуур болсон олон улсад түгээмэл байдаг зарчмууд манайд хэвшил болоогүй, хуульчлагдаагүй байна.

Хүмүүс өөрийнх нь авч байгаа мэдээ мэдээллийг хэн бэлтгэсэн, хэний хэвлэл мэдээллээр дамжуулж түгээж байгааг мэдэх эрхтэй. Хэвлэл мэдээллийн эзэн, редактор, сэтгүүлч эсвэл захиалгат мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн цацуулж байгаа этгээд хүргэж байгаа мэдээллийнхээ агуулгатай ашиг сонирхлын хувьд хамааралтай эсэхийг хүмүүс мэдэх эрхтэй. Ингэж байж иргэдийн үнэн бодит мэдээлэл авах эрх хамгаалагдана.

Энэ эрхийг хамгаалахын тулд олон улсын хэмжээнд хариуцлагатай сэтгүүлзүйг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчлөгч ил тод байх зарчим нэн чухал болохыг онцолж байна.

Түүнчлэн тухайн хэвлэл мэдээллийн өөрийн бэлтгэсэн агуулга, арилжааны хэлбэрээр төлбөртэй нийтэлж байгаа агуулга илэрхий зааг ялгаатай байх, өөрийн бэлтгэсэн мэдээллийн хариуцлагыг редакц хүлээх, өөрөө бэлтгээгүй бол захиалагч, төлбөр төлсөн этгээд, бэлтгэсэн студи, уран бүтээлчийн нэр хаягийг ил нийтэлж тэдний хариуцлагыг тодорхой болгох хуулийн зохицуулалт манайд бас байхгүй байна.

Хариуцлагын зааг ялгааг ийнхүү тодорхой болгох нь захиалгат сэтгүүлзүй хумигдах, мэргэжлийн сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн байгууллага бэхжих, энэ салбарын зах зээл эрүүлжих чухал үндэс суурь болдог ажээ. Хэвлэл мэдээллийн агуулгыг салбар нь, мэргэжлийн хүмүүс нь тодорхойлдог болох, дөрөв дэх засаглал жинхэнэ утгаараа хөгжих, ёсзүйтэй сэтгүүлзүйн хөгжихөд түлхэц болдог байна. Ингэснээр улс төрчид, эсвэл мөнгөтэй хүмүүс хэвлэлийг зорилгоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгох нөхцөл хумигдаж, хэвлэл мэдээллийн салбар өөртөө эзэн болж үлдэх боломжтой.

Монголчууд өнгөрсөн хориод жилийн хугацаанд ардчилал, хүний эрхийг бодит агуулгаар нь бий болгохын төлөө багагүй хүчин чармайлт гаргаж ирсэн ч Монголын ардчилал балчир хэвээр байна. Хүний эрхийг Үндсэн хуульдаа тунхаглаж, олон арван хуулиар баталгаажуулах оролдлого хийсэн ч Монголын нийгэмд хүний эрхийн асуудал эмзэг сэдэв хэвээр байна.

Үүний нэгэн адил Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлд дэлхийн олон оронтой харьцуулахад багагүй амжилт олсон ч хэвлэлийн эрх чөлөө баталгаажсан гэж хэлэх болоогүй байна. Төрөөс илүүтэйгээр улс төрөөс, мөнгөнөөс хамааралтай байгаа хэвлэл мэдээллийн салбарт хөл дээрээ зогсох, өөрийгөө тодорхойлох нөхцлийг нь бүрдүүлэхийн тулд их зүйлийг хийх хэрэгтэй байгаа.

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж, энэ оны эхээр анх удаа Монголын Хэвлэлийн зөвлөлийг байгуулсан нь хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалттай болох, сэтгүүлч, редакцид ирэх төрийн болон хуулийн байгууллагын шууд дарамт, нөлөөг багасгах чиглэлд гарч байгаа нэгэн чухал ахиц гэж хэлж болно. Аливаа шинэ үүсч байгаа бүхэн хөл дээрээ тогтоход хугацаа хэрэгтэй байдаг. Дөнгөж байгуулагдсан Хэвлэлийн зөвлөл салбартаа болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд ажиллаж чадах аваас аяндаа олны талархал хүлээж, хэвлэлийн эрх чөлөөний жинхэнэ манаач болох биз ээ.     

Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн үндсэн зохицуулалт дээр дурдсан, үгүйлэгдэж буй зохицуулалтуудыг буй болгоход чиглэгдэж байгаа. Саяхан Монголын нэгэн мэдээллийн сайтад нийтлэгдсэн Ардчиллын шалгуур хууль “амилах” болтугай гэсэн ерөөл дэвшүүлсэн өгүүллийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны хүлээлт, дэмжлэгийн илрэл хэмээн үзэж нэн олзуурхууштай. Өнөөг хүртэл зохицуулалтгүй, дур зоргоороо явж ирсэн олон харилцааг хуульчлахад бэрхшээл саад багагүй тохиолдох нь зүйн хэрэг юм. Чөлөөт хэвлэлийн хөгжлийг итгэл үнэмшлээрээ дэмждэг, энэ салбарын мэрэгжлийн хүмүүс, сэтгүүлчдийн оролцоо дэмжлэггүйгээр энэ хууль батлагдахад амаргүй байх болно. Хүний эрх, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахыг зорьсон энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж батлахад үнэтэй саналаа нэмэрлэж, өргөнөөр оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.

Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа болон хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч бүх хүмүүст хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин хүргэе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21541
0 эможи
keyboard_arrow_up