З.Энхболд “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хуралд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.05/ “Онлайн эрх чөлөө“ эвслийн Сайд нарын 5 дугаар бага хуралд оролцож, хуралдааныг хааж үг хэллээ.
Тэрээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн үйл явцын эхлэл анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн босгон дээр монгол оронд “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байгаагаа тэмдэглэн хэллээ. Түүнчлэн “Харилцаа холбооны салбарын хууль, төр, засгийн бодлого, зохицуулалтаар интернэтийг нээлттэй, хүртээмжтэй болгоход тус дөхөм үзүүлэхийг эрмэлздэг улс орнуудад тулгарч буй сорилтуудын талаар “Онлайн эрх чөлөө” эвсэл тал бүрээс хэлэлцэж, улс орнуудын интернэтийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих бодлого, шийдвэрийн шилдэг үлгэр дуурайллыг ил тод болгохыг зорилоо. Интернэтийн эрх чөлөөг тус бүс нутагт хамгаалах, хөхиүлэн дэмжихэд Эвсэл тууштай байр суурь баримталж буйгаа илэрхийллээ. Энэ нь хуулийг дээдлэх зарчимд нийцсэн, нийтийн оролцоонд түшиглэсэн, ил тод, ардчилсан үйл явцын үр дүнд интернэтийн дэвшилттэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд улс орнуудыг хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг мөн.
Бид Монгол Улсад болон энэ бүс нутаг дахь интернэтийн эрх чөлөөний ач холбогдлыг хэлэлцээд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хувь хүний нэр төр, нууцыг хамгаалах асуудалд ч анхаарлаа хандууллаа. Иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогчдын хувь нэмэр, үзэл бодол энэ тал дээр онцгой үнэ цэнэтэй байсныг онцолж байна.” гэлээ. Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхи, санаачилгатай ажиллахын төлөө байдгийн нэгэн жишээ нь манай орон хүний эрхийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг “Онлайн эрх чөлөө” эвслийг амжилттай даргалж, эвслийг бэхжүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулж Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү бага хурлын үйл ажиллагаа харуулж байна” гэлээ. Мөн УИХ-аас Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалыг баталсны дагуу төрийн 160 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ази, Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелын гарцтай болсныг тэмдэглэн хэлсэн юм. Төгсгөлд нь УИХ-ын дарга, Бага хуралд оролцсон улс орнуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, бүх илтгэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн уг хуралд 60 гаруй орны төлөөлөл, түүнчлэн ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллага, “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.