Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтийн ажил байдалтай танилцав

2015 оны 5 сарын 05

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү болон дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2015.05.05/ Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа бүсэд ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд “Баганат өргөө”, “Гангар Инвест” компаниуд хамтран 6000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй аж. Эхний ээлжинд 1000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг компанийн удирдлагууд танилцуулсан юм. Одоогийн байдлаар нийт талбайн 23 хувийг чөлөөлсөн байна. Эхний ээлжийн барилгууд 6-р сард ашиглалтанд орох юм байна.

УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл гарч байгааг тодруулаад, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах саналыг сонслоо. Барилгын компаниудын зүгээс газар эзэмшлийн асуудал, татварын зохицуулалт, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар олгохгүй байх, газар чөлөөлөлтийн бүсэд орсон айл өрхийн хэдэн хувь нь газраа чөлөөлсөн тохиолдолд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хуульчилж, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байгааг хэлж байсан юм. Гүйцэтгэгч компаниудын зүгээс гарч байгаа саналыг ажлын хэсгийн гишүүд судлан үзээд, бусад хуультай зөрчилдөж байгаа асуудлыг судлах, зарим саналыг хуулийн төсөлд тусгах юм.

Мөн Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажилтай танилцав. Дээрх хороодод “6 талт”, “Monnis Urban Development” болон “Бүрд констракшн” компаниуд дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. 13 дугаар хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтөд 88 айлын газрыг чөлөөлж, 1200 айлын орон сууц барих юм. Одоогийн байдлаар 30 гаруй айлын газрыг чөлөөлж 330 гаруй өрхийг орон сууцанд оруулсан байна. 14 дүгээр хорооны барилга баригдаж байгаа газарт 7 айл газраа чөлөөлөөгүй байна. Айл өрхүүд өндөр үнэ нэхэх эсвэл газар дээрээ барилга барина гэх мэт шалтгаанаар газраа чөлөөлөхгүй байгаа хүндрэл үүсч байгааг компанийн удирдлагууд хэлээд үүнийг хуулиар зохицуулдаг болох санал гаргаж байсан.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, Хууль зүйн байнгын хороон дээр Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгаад, дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцаж, хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудлыг тодруулж, санал авах зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байна гэлээ. Мөн тэрээр, дахин төлөвлөлтийн ажилтай холбоотой саналаа хэлээд,  компаниудын удирдлагуудаас гарсан саналыг ажлын хэсгээр хэлэлцүүлэн хуулийн төсөлд тусгана гэдгийг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэ харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21499
0 эможи
keyboard_arrow_up