УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг тайлбар өгөв

2015 оны 5 сарын 05

Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байна. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгээс хийж буй ажлын талаар дараах тайлбарыг өглөө.

"Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрсэн.

Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.

Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна.

Мөн “Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.

“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), “Mongolian Coal Corporation” Ltd (HK), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна.

Иймд эдгээр компаниудын сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв.

Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай.

Дээрх утга бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна" гэж Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21486
0 эможи
keyboard_arrow_up