Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ” судалгааны тайланг боловсруулан гаргажээ. Судалгааны тайлан, дүгнэлтийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон эрдэмтэн судлаачид, сонирхогч талуудад танилцуулах, харилцан санал солилцох зорилгоор өнөөдөр /2015.05.04/ номын нээлт, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсэнээс хойш 23 жилийн ой тохиож буй энэ цаг хугацаанд бид Үндсэн хуулиа эргэн харж хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Тус төсөл нь хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэд ба сонгогчдын харилцаа холбоог улам ойртуулах, энэ дагуу хууль тогтоомжийг шинэчлэхэд судалгаа, хэлэлцүүлгээр дэмжих, УИХ-ын холбогдох байнгын хороодын чадавхыг дэмжин бэхжүүлэх, Авлигатай тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангах чадавхийг дэмжихээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн институцийн хөгжлийн 20 жилийн туршлага, сургамжийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, шаардлагатай шинэтгэлийн талаар зөвшилцөл бий болгоход хувь нэмэр оруулахад чиглэгдэж байна. Энэ зорилгоор нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр бүрдсэн баг болох Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн дэд захирал, профессор Ч.Энхбаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн профессор Д.Солонго, УИХТГ-ын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал нар болон Олон улсын зөвлөх АНУ-ын Чикогийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Томас Гинсбург нар хамтран Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн тодорхой институтуудын гүйцэтгэсэн үүрэг, сургамжийг судлан дүгнэж мөн цаашид шинэчлэн хөгжүүлэх зөвлөмж боловсруулсан” гэлээ.
Мөн энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу оролцож үг хэлсэн.Түүнчлэн Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн дэд захирал, профессор Ч.Энхбаатар судалгааны талаар оролцогчдод танилцуулав.
Номын нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар оролцож үг хэлсэн юм.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ судалгааны тайланг монгол, англи хэл дээр бэлтгэн хэвлэжээ. Мөн төслийн вебсайтад монгол, англи хэл дээр нээлттэй татаж авахаар байршуулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.