Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.30.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой агаад нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, төслийн урьдчилсан судалгаа хийхээр “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийг 2011 он хүртэл хэрэгжүүлжээ. Харин ажлын цар хүрээ ихтэй, томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын энэхүү төслийг салбарын бодлоготой уялдуулж санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 6-8 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулгадаа, хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, манай Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх юм. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх агаад зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1.5 хувьтай байна. Харин хөрөнгийн эх үүсвэрийн зээл нь 20 жилийн хугацаатай, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм гэдгийг дурдав.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Я.Содбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэлэв. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд энэ нь нөхцөл сайтай, нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төсөл учраас дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн цаашид зээл тусламжийн нөхцөлийг сайн харж, хүү багатай, хөгжлийн зээл авахад анхаарах, зээлийн удирдлагыг сайжруулж зөв менежментэд оруулах хэрэгтэйг анхааруулж байлаа.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслийн тухайд энэ онд гадаад зээлийн ямар нэг асуудал байхгүй, зураг төсөв зэрэг тодорхой зардлыг нийслэлийн төсвөөс гаргана. Төслийг хэрэгжүүлэхэд Монголын талаас гаргах 57 сая ам.долларын хөрөнгийг нийслэл хариуцах юм гэдгийг тодотгов. Ер нь аль болох хөгжлийн чиглэлтэй хөнгөлөлттэй зээл авах замаар санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч, олон улсын банк санхүүгийн зарим байгууллагад хүсэлтээ гаргаад байгаа. Засгийн газар 2016-2018 оны дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн бодлогыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Өрийг хэрхэн төлж барагдуулах схемийг Засгийн газрын тогтоолоор батлахаар бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Харин нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ төсөл хэрэгжсэнээр хотын замын түгжрэл 30-40 хувиар багасч, нийтийн тээврийн сүлжилдэх хөдөлгөөний эрчим 60, зорчигч урсгал 25-30 хувиар нэмэгдэж, нийтийн тээврийн автобусны хурд 15-20 км/цаг болно гэсэн тооцоо гарсан. Төслийн хугацаанд нийтдээ 151 автобус авна, энэ ажлыг олон улсын нээлттэй тендерийн аргаар шалгаруулах юм гэсэн хариулт өгөв. Мөн нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нэмэлт тодруулга өгсөн юм.
Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь дэмжсэнээр санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Дараа нь Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. Бодлогын баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Байнгын хорооны гишүүдээс бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 16, найруулгын чанартай 18 санал гаргасныг тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Тухайлахад, “ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын хэмжээг өсгөх замаар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх”, “ойг нөхөн сэргээх, ойжуулах, таримал ойг худалдан авах зардлыг дэс дараатай нэмэгдүүлэх”-ээр тусгалаа. Мөн “түймрийн хор хөнөөлийг сурталчлах ажлыг эрчимжүүлж, түймрийг зогсоох шороон зурвас, ойн халз зурвас гаргах зэрэг бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн түймэртэй тэмцэх материаллаг баазыг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх”, “ойн түймрийн аюул бүхий үед эргүүл гаргах, түймрийг илрүүлэхэд сансрын хиймэл дагуул ашиглах, цахим харилцаа, үүрэн холбооны сүлжээ бий болгох ажлыг зохион байгуулж, түймрийг шуурхай илрүүлж, унтраах” зэрэг заалтыг төсөлд нэмж оруулахаар болов.
Төслийн хавсралтын 2.1 дэх заалтыг “Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход бодлогын зорилго оршино” гэж өөрчлөн найруулахаар болов.
Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хоёр үе шаттайгаар буюу эхний үе шатыг 2015-2020 онд, хоёр дахь үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх юм байна. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн энэ өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 5 санал гаргасан байна. Гэвч төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдээс төслийн малчдын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсэг, тэр дундаа хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртвэл хэрхэн авч үзэх талаар гаргаж байсан саналыг байнгын хороо анхны хэлэлцүүлгийн явцад орхигдуулсан байна гэсэн яриа өрнөсөн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хортой, хүнд, онцгой нөхцөлтэй холбоотой асуудалд анхаарах, хөндөгдөөгүй орхигдсон зарим асуудлыг авч үзэж хуулийн төслийг ойлгомжтой болгох үүднээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Иймээс холбогдох байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дахин нягтлахаар шийдвэрлэснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.