Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барив

2015 оны 4 сарын 30

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.04.30/ өргөн барилаа.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн, хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлага мөн урган гарч байгааг хууль санаачлагч тайлбарлав. Энэ хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг нэмж тусган, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулжээ. Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарсанд ногдуулж буй онцгой албан татварт харгалзах хатуулгийн хэмжээг бууруулах, төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах, аж ахуйн нэгж, байгууллага нь архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр бий болгожээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21330
0 эможи
keyboard_arrow_up