Л.Эрдэнэчимэг: Нэгхэн хазам алимаар бид яах юм бэ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн ордын асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ ордын асуудлаар хоёр сарын өмнө Монгол Улсын сайд М.Энхсайханд асуулга тавьсан ч хариу өгөөгүй бөгөөд өнгөрөгч даваа гарагт намын бүлэг дээр уг асуудлыг нэлээд нухацтай ярилцах үед нэлээд ноцтой асуудал хөндөгдсөн учраас УИХ-ын гишүүн, ард түмний төлөөлөл болж энд сууж байгаагийн хувьд дуугүй өнгөрч болохгүй гэж үзэн энэхүү хэвлэлийн хурлыг зарлажээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Эрдэнэс Тавантолгойн талаар асуулга тавьсан ч хариу өгөөгүй гэсэн. Таны хувьд энэ ордод ямар учраас шүүмжлэлтэй хандаж байгаа юм бэ?
-Өчигдөр /даваа гараг/ АН-ын бүлэг Тавантолгойн асуудлаар бүтэн өдөржин хуралдсан. Энэ үеэр нэлээд ноцтой асуудал яригдсан учраас мэдээлэл өгөх нь зөв юм гэж бодлоо. Өчигдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар нэг талыг баримталсан сөрөг мэдээлэл маш их гарлаа. Тиймээс иргэдэд нөгөө талаас нь мэдээлэл өгөх ёстой. Би Монгол Улсын сайд М.Энхсайханд хоёр сарын өмнө асуулга тавьсан.
Хариугаа аваагүй. Тэр утгаараа хувь гишүүний зүгээс бүлэг дээр яригдсан ноцтой асуудлыг зүгээр сонсоод өнгөрөөж болохгүй гэж харсан. Тавантолгойн ордоос 2.1 сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц том орд. Тавантолгойн ордыг яагаад бусдаас онцлоод байна вэ гэхээр эндээс ард түмэн хувьцаа эзэмшдэг. Бусад том ордууд шиг аль нэг компани, төрийн эзэмшилд байдаг орд биш.
Тавантолгой бол анх удаагаа бүх иргэддээ хувьцаа өгсөн орд. Цаашид ийм том орд олдох ч юм билүү, бас иргэддээ өгөх ч юм уу. Тиймээс хувьцаа эзэмшиж байгаа бүх иргэд энэ талаар мэдээлэл авч, анхаарлаа хандуулах ёстой. Миний хувьд бол монголчууд нэг том орд газраа харийнханд өгөөд явуулах нь ээ гэсэн өнцгөөс харж асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Өгч явуулах шалтгаануудыг та онцлоод хэлбэл. Ашиггүй ажиллаж байгаа учраас хөрөнгө оруулагчдыг урих ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ?
-“Эрдэнэс Тавантолгой” бол 2010 онд байгуулагдсан 2.1 сая хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж байгаа компани. 2012 оны сонгуулийн өмнө Чалко компанитай хийсэн гэрээний урьдчилгаа гэх мөнгийг бэлэн мөнгөөр авч, сонгууль хийхдээ ашиглаж бэлэн мөнгө тарааж байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Чалкод тавих өрөө төлөх гэж л бүх олборлолтоо зарцуулж байгаа.
Тэрнээс биш ашиггүй ажиллаж байгаа учраас зарах гэж байгаа асуудал огт биш. Ашигтай ажиллаж сүүлийн гурван жилд экспортоор тэргүүлж байсан гэдгийг одоогийн захирал болон экс захирал Я.Батсуурь нар батлан хэлж байсан. Санхүүгийн албаныхан нь өөрсдийн тайлан балансыг гаргаж үзүүлсэн. 2015 оны эхний улирал гэхэд 1.8 сая тонн нүүрс гаргачихаад байгаа.
Хамгийн том экспортлогч компани болчихоод байна. Нэг тонн нүүрс тутамдаа бүх зардлаа хасаад 5.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр ашиггүй ажиллаад зарах гэсэн асуудал биш байгаа биз. Ингэж гуйвуулж мэдээлэл явуулаад байгаа юм.
-“Энержи Ресурс” алдагдалтай ажиллаж байгаа учраас энэ ордыг авах гэж байна гэсэн хардлага байгаа шүү дээ?
-Тийм асуудал л болох гээд байна. “Энержи Ресурс” өнөөдөр тонн тутамдаа 9.8 ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа. Их ажиллах тусам алдагдал хүлээгээд байгаа юм билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ашигтай байгаа учраас алдагдалтай байгаа компанийг энд шалгаруулаад оруулаад ирэв гэдэг нь сонирхол татах л асуудал. “Блүүмбэрг.ком” сайт, Moody`s зэрэг томхон үнэлгээний агентлаг MMC буюу Энержи Ресурсын талаархи санхүүгийн бодит баримтыг бичсэн.
Өндөр зардал, нүүрсний үнийн уналтаас шалтгаалан “Энержи Ресурс” бэлэн мөнгөний гүн гүнзгий дутагдалд орох нь гэсэн асуудлыг бичсэн байсан. Санхүүгийн хямралаас гарах гол аврал нь “Эрдэнэс Тавантолгой” компани болчихоод байна. Тус материалд Эрдэнэс Тавантолгойг өөрийн болгож чадвал санхүүгийн хямралаас гарна гэсэн мэдээлэл байгаа юм.
-Энэ гэрээг хийснээр “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиг байх уу. Хувьцааны асуудал шийдэгдсэн үү?
-”Эрдэнэс Тавантолгой” зөвхөн хоёр хувийн түрээсийн ашиг авна. Тусгай роялти гэж нэрлэдэг. 98 хувь нь MMC нэгдэлд очих нь. Энэ хоёр хувиас нь хувьцаа эзэмшигчид юм олж авна. Жилдээ тооцоод үзэхээр 25 сая ам.доллар, монгол мөнгөөр 50 тэрбум төгрөг л бид авна гэсэн үг. Өнөөдөр 50 тэрбум төгрөг юу ч биш.
Ийм том ордоос 50-хан тэрбум авах гэрээг сайн гэрээ гэж хэлэхгүй. 5.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа энэ ордоо хэнтэй ч хамтрахгүйгээр бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаад, жилдээ 30 сая нүүрсээ олборлож чадвал бид жилд 150 сая ам.доллар олно. 150 сая ам.долларыг 25 сая ам.доллараар сольж байна гэсэн үг.
Төмөр замын асуудлаар ч энд ноцтой зүйл байгаа. Энержи Ресурс автозамаа өөрсдөө бариад тэрүүгээр явж байгаа тээврийн хэрэгслээс тонн тутамд 4-5 ам.доллар олж байсан. Тэгэхээр төмөр замаа өөрсдөө барина гэж байгаагийн цаана ч монополь тогтоох, тэр замаар явах тээврийн хэрэгсэлд өөрсдөө үнэ тогтоож ашиг олох асуудал байна.
Төр төмөр замаасаа өөрсдөө ашиг олох ёстой. Монгол Улс тэр автозамыг нь худалдаж авснаар тэр замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс тонн тутамд нэг доллар 25 центийн тээврийн зардал авч байгаа. Нэг компани 100 хувь монополь болсноор ямар асуудал үүсэх вэ гэдгийг л эндээс харж болно. Бид энэ ордыг явуулахгүй гэж байгаа юм биш. Хувьцаа эзэмшигчийн эрх ашгаа бодолцоод Эрдэнэс Тавантолгой яагаад энэ гэрээнд оролцоод Монголын талыг “Энержи Ресурс”-тай хамт төлөөлөөд 10, 20 хувийг нь эзэмшээд явж болохгүй байна вэ гэдгийг л хөндөж байна.
-Я.Батсуурь дарга бүлэг дээр өөр ямар мэдээлэл өгөв?
-Нэлээд ноцтой асуудлууд ярьсан. Нэг сонирхолтой мэдээлэл хуваалцъя. 2014 онд Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг сайд ажиллаж байхдаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт нэг үүрэг өгсөн байдаг юм байна. Шинхуа болон Пибоди компаниудтай хэлэлцээрт орж “Эрдэнэс Тавантолгой” дангаараа 51 хувь, Шинхуа, Пибоди түншлэл 49 байхаар, мөн хөрөнгө оруулалтаа 100 хувь даахаар гэрээ яригдаж байсан гэсэн.
Гэтэл Засгийн газраар хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө гэнэт зогсоосон байгаа юм. Тэгээд удалгүй Н.Алтанхуяг сайд огцорч, Я.Батсуурь захирал ч хоригдсон. Энэ асуудал анхаарал татах ёстой л сэдэв. Тавантолгойг нэг том алим гэвэл бид алимныхаа маш бага хувийг авч байна. Нэг хазам алимаар бид яах юм бэ. Энэ мэтээр ярих асуудал олон бий.