“Вамед инженеринг” компанийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа Бүгд Найрамдах Австри Улсын “Вамед инженеринг” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Роберт Бүергерийг хүлээн авч уулзав. Роберт Бүергер манай хамт олон “Интермэд” эмнэлгийн төслийг монголд хэрэгжүүлж дуусгаад одоо Монгол-Австрийн Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн эрүүл мэндийн салбарын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ хэлэлцээрийг 2011 оны 11 дүгээр сард Засгийн газар хооронд байгуулж, 2012 оны 5 дугаар сард УИХ-аар соёрхон баталсан гэдгийг та мэдэж байгаа. Хэдийгээр хугацаа алдсан хэдий ч Засгийн газар 2014 оны 5 дугаар сард Австри Улсын Засгийн газраас олгох 40 сая еврогийн хөнгөлөлтөй зээлээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд тус бүр 7.0 сая еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Тухайлбал ЭХЭМТ-д оношлогоо, эмчилгээнд нэн шаардлагатай байгаа компьютерт томограф, дижитал рентген аппарат, цус сэлбэх систем, хүүхдийн мэс заслын мөгөөрсөн хоолойн дурангийн иж бүрдэл, хүүхдийн хэвлийн мэс заслын иж бүрдэл, цусны анализатор, шүдний дижитал рентгэн аппарат, ХСҮТ-д хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд ашиглах эмнэлгийн үндсэн тоног төхөөрөмж болох туяа эмчилгээний болон дүрс оношлогооны тоног төхөөрөмж, зүрхний бус ангиографийн болон дижитал рентген аппарат, УТЭ-т дүрс оношлогоо, эрчимт эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн төв болон мэс заслын тасгуудад шаардагдах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлнэ. Мөн дээрхи эмнэлгүүдээс тус бүр 20-30 эмч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтныг гадаадад болон дотоодод ажлын байран дээрхи сургалтад хамруулна.Эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, тоног төхөөрөмж хүлээн авах байр талбайг харилцан ярилцаж шийдвэрлэж байна. Эхний ээлжийн тоног төхөөрөмжүүд ачигдаад ирэхэд бэлэн болоод байгаа. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Засгийн газар дээрхи тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ёстой. Энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг танаас хүсч байна гэлээ.
Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөлт, тоног төхөөрөмж, барилга байгууламж, техникийн болон үйл ажиллагааны менежментийн цогц үйлчилгээ үзүүлдэг дэлхийн тэргүүлэгч компани болох Бүгд Найрамдах Австри Улсын “Вамед инженеринг” компани энэ төслийг хэрэгжүүлж байгаад талархаж байна. Өндөр чанартай орчин үеийн тоног төхөөрөмжөөр улсын үйлчилгээтэй төв эмнэлгүүдийг хангах нь манай эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилт болж байна. Хамгийн гол нь тоног төхөөрөмжийг угсрах стандартын өрөө тасалгааг бэлтгэх асуудалд анхаарах хэрэгтэй. Уг нь 40 сая еврогийн 20 саяыг зөвхөн ХСҮТ-ийг иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авах зорилт тавьж туяаны шугаман хурдасгуур, MRI, төлөвлөлтийн тоног төхөөрөмж гэх мэт том хэмжээний тоног төхөөрөмжийг угсрах зорилгоор өргөтгөлийн барилгыг эхлүүлсэн. Гэвч хугацаандаа ашиглалтад орж чадсангүй. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэхдээ цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсийг сонгож өндөр түвшинд бэлтгэх хэрэгтэй. Монгол Улсын засгийн газар дээрхи тоног төхөөрөмжүүдийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх үүрэг хүлээж байгаа талаар та сая хэллээ. Энэ хуулийн төслийг Засгийн газар 4 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барьсан байгаа. Ойрын үед энэ хуулийг гаргах шаардлагатай байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулах болно гэлээ.