Х.Тэмүүжин: УИХ шүүн таслах ажиллагаа явуулахгүй

2015 оны 4 сарын 24

-Нийтийн сонсгол хийж байна гээд хэн дуртай нь буу халж, хүн гүтгэж, хувийн бодлоо ярихгүй-

News агентлаг энэ долоо хоногийн "ОНЦЛОХ СЭДЭВ"-ээр Нийтийн сонсголын тухай хуулийг нэрлэсэн.  Энэ удаа  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ярилцлагыг хүргэж байна.

 


МУ-ын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих  санаачлагыг гаргаж, уг  санаачлагын хүрээнд хэд хэдэн цогц хуулийн төслийг боловсруулаад явж байгаагийн нэг нь Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл. Хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын байнгын хороо, чуулганаар  дэмжиж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад байна. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй Нийтийн сонсголын хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Ажлын хэсэг хуралдсан уу. Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгт хэзээ шилжих вэ?

-УИХ-аас байгуулсан ажлын хэсэг одоогоор хуралдаагүй байна. Харин ажлын дэд хэсэг иргэдээс санал авах, холбогдох мэргэжилтнүүдийн санал дүгнэлтийг сонсох,  экспертийн үнэлгээ хийх ажлууд явж байна.

-Хуулийн  төслийн хэлэлцэх эсэх дээр гишүүдээс янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Ер нь Нийтийн сонсгол хийдэг байхын ач холбогдол нь юу юм бэ?

-Энэ бол иргэдийн оролцоог эрхэмлэдэг, ардчилсан улс орнуудад зайлшгүй баталгаажиж, хуульчлагдах ёстой зүйл. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг сонсгол зохион байгуулах ажиллагааны ерөнхий хууль гэж хэлж болно. Нарийвчилсан зохицуулалтууд нь дэгийн хуулиараа юмуу захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулиараа зохицуулагдаад явна. Эхлээд нийтийн сонсгол гэж юуг хэлэх вэ гэдгийг харах ёстой. Аливаа шийдвэрийг цөөн  тооны эрх мэдэл, албан тушаалтнууд гаргахаас илүүтэй олон нийтийн санаа бодлыг нэгдүгээрт тавихыг хэлж байгаа юм. Манайхан үүнийг “ард  түмний санал” гэж ярих дуртай. Гэхдээ олон нийтийн санаа бодол дотроо ялгаатай, хэн дуртай хүний санаа бодлыг сонсоод түүнд тулгуурлаж шийдвэр гаргана гэсэн  үг биш.  Харин  тухайн  шийдвэр гарахад эрх ашиг нь хөндөгдөх, тухайн асуудлын талаар илүү мэдээлэлтэй,  туршлагатай, мэргэшсэн хэсгийн санаа бодлыг сонсохыг хэлж байгаа юм л даа. Түүнээс биш  өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөгүй байхад идэвхи санаачлага гаргаж байгаа хүмүүсийн үгийг сонсоно гэсэн үг биш. Яагаад гэхээр аливаа шийдвэр зөв, бодитой, алсын хараатай, тодорхой асуудлыг шийдэх чадвартай, урт хугацаанд  тогтвортой байх учиртай. Үүний тулд хэнийг сонсох вэ гэдгийг тодорхойлж өгч байна гэсэн үг. Алдаатай шийдвэр гаргахгүйн тулд харьцуулан дэнслэх зорилготой. Түүнээс биш төр шийдвэр  гаргах  эрхээ олон нийтэд өгнө гэсэн үг биш. Шийдвэр гаргах эрх  бол хуулиараа олгогдсон тэр  субьектдээ л байна. Тэр нь УИХ, Засгийн газар, Засаг дарга, иргэдийн хурал  байж болно. Гол нь шийдвэр гаргахын өмнө зөрүүтэй мэдээллийг нягталж, эсрэг  тэсрэг байр суурийг адил сонсох ёстой гэдэг зарчим бий. Энэ зарчмыг баримтлахын тулд Нийтийн сонсголын тухай ерөнхий хууль орж ирж  байгаа.

-Сонсгол нээлттэй, хаалттай байх нь юунаас хамаарах вэ?

-Сонсголын  үндсэн хэлбэр нь нээлттэй эсвэл  хаалттай.  Хувь хүний, бизнесийн, төрийн нууцтай холбоотой асуудал мэдээж хаалттай байна. Хэдийгээр хаалттай ч эрх ашиг нь хөндөгдсөн, тэр асуудлаар зайлшгүй дуу хоолойг нь сонсох ёстой хүмүүсийг байлцуулна. Нээлттэй сонсгол  гэдэг нь эрх ашиг нь хөндөгдөөгүй, тухайн асуудлаар мэргэшээгүй ч гэсэн сонирхож байгаа хүмүүс оролцож, хөндлөнгийн хяналт тавихыг хэлж байгаа юм. Тиймээс сонсгол нээлттэй юу, хаалттай юу гэдэг чухал.

-Сонсгол явуулах долоон  төрөл байгаа. Хуулийн төслийг харж байхад их ерөнхий санагдсан. Үүнийг  яаж зохицуулах вэ?

-Сонсгол явуулах зорилгоос шалтгаалаад долоон төрөл бий. Захиргааны  бүхий л байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа тэр шийдвэртэйгээ холбоотой сонсгол явуулна гэсэн зохицуулалт бий. Энэ нь сонсголын хуулиар ерөнхий боловч одоо хэлэлцэх  шатанд явж байгаа Захиргааны ерөнхий хуулиар нарийвчлагдах ёстой. Хамгийн чухал нь  Хууль тогтоох сонсгол. Бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, дүрэм журмыг хэлэлцэхдээ  олон нийтийг оролцуулаачээ гэсэн шаардлагыг иргэд тавьсаар байгаа. Энэ сонсголыг явуулах процесс нь Хууль тогтоомжийн тухай, УИХ-ын Дэгийн тухай  хуулиар илүү нарийн зохицуулагдана. Гол нь ийм төрлийн сонсгол  байна шүү гэдгийг ерөнхий хуульдаа заагаад өгчихөж байгаа юм. Ардчилсан улс оронд эрх мэдлийг хэн нэгэнд өгч болно, сонгуульд хэн нэгэнт итгэл хүлээлгэж хууль батлуулахаар сонгож болно. Гэхдээ цаг ямагт тэр хүнээ хянах ёстой гэдэг зарчим үйлчилж байна. Парламентын, УИХ-ын, Ерөнхий  хяналтын сонсгол заавал байх ёстой. Засгийн газар хуулийн хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө хүлээж, УИХ сонгогчдын  нэрийн өмнөөс хууль хэрэгжүүлж байгаа Засгийн газрыг хянах үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд Хяналтын сонсголыг хийх юм.  Хамгийн сайн Хяналтын сонсголын хэлбэр Өргөдлийн байнгын хороонд байна. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжиж байгаа эсэхийг иргэдийн өргөдөлд түшиглэж сонсох нь Өргөдлийн байнгын хорооны ажил.  Ингээд Хуульзүйн байнгын хороон дээр хүний эрхийн асуудлаар, Эдийн засгийн байнгын хороон дээр хөгжлийн асуудлаар, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны  байнгын  хороо боловсрол, эрүүл мэндийн асуудлаар гэх зэргээр Хяналтын ерөнхий  сонсгол хийнэ.

-Төсвийн хяналтын сонсгол гэж бас нэг  төрөл явж байгаа.  Төсөв   бүх нийтэд хамаатай  гэдэг үүднээс  энэ төрлийг   хамааруулсан уу?

-Төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Энэ мөнгийг татвар төлөгчдөд нь  буцаагаад  хэрэгцээт зүйлд нь зарцуулж байна уу, эсвэл дундаас нь  хулгайлж байна уу, үр  ашиггүй зарцуулаад байна уу гэдгийг иргэд өөрсдөө мэдэх эрхтэй. Парламентад сонсох хэлбэр нь нээлттэй байдаг. Үүгээрээ  төсвийн хяналтын сонсгол маш их ач холбогдолтой. Дараагийнх нь томилгооны сонсгол. Сонгогдоно гэдэг нь олон нийтээс өгч байгаа итгэл үнэмшил. Харин томилогдох гэдэг  өөр ойлголт. Хэн юуг хийж чадах вэ, хэн өндөр ёс суртахуунтай байж чадах вэ гэдгээр нь сонгон шалгаруулдаг.  Өнөөдөр  УИХ-ын томилгоо  улс төрийн шинжтэй, намчирхсан,  хариуцлагагүй  байх  нь элбэг. Энэ нь нийтийн эрх ашиг, төрийн байгууллагын мэргэшсэн байдлыг алдагдуулдаг аюултай.  Энэ өнцгөөсөө хэн нэгнийг албан тушаалд томилохдоо сонсгол хийх ёстой гэдэг зарчим олон улсад үйлчилж  байна. Тухайн албан тушаалд очих гэж байгаа хүний талаар илүү мэдээлэлтэй, өмнө нь хийж байсан ажлынх нь талаар мэдэх хүмүүст тухайн хүнийг томилж болох эсэхийг асууж, ярих боломж олгодог хэлбэр. Энэ сонсгол байхгүйгээс ихэнхдээ  томилогдсоных нь дараа  алдаа ярьж байна.

-Хамгийн их маргаан дагуулж байгаа сонсголын хэлбэр бол Мөрдөн шалгах сонсгол. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад гишүүд  янз бүрийн санаа  илэрхийлж байсан. Мөрдөн  шалгах сонсгол гэдгийг чухам яаж ойлгох нь зөв бэ?

-Мөрдөн шалгах сонсгол бол ганц УИХ-д байдаг сонсгол. Өөр аль нэг газар өгч болдоггүй гэдгээрээ ялгаатай. Энэ  сонсгол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаанаас ангид байж, шүүх эрх мэдэлтэй булаацалдахгүй байх ёстой. УИХ төлөөллийн байгууллагаас гадна сонгогчдынхоо нэрийн өмнөөс Засгийн газарт  хяналт   тавьдаг байгууллага. Гэтэл Засгийн газар УИХ-аас бодит мэдээллийг нуух тохиолдол гардаг. Энэ  нууж байгаа зүйлийг  олж мэдэхэд   зориулагдсан сонсголын хэлбэр.  Манай гишүүд хамгийн гол нь  сонсгол гэдгийг шийдвэр гарахаас өмнө  мэдээлэл авах хэлбэр гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй. Энэ бол шийдвэр гаргах хэрэгсэл биш. Мэдээлэл авахад  тухайн мэдээллийг албаар нууцалж байгаа, мэдээлэл өгөхөөс татгалзаж  байгаа, мэдээллээ өөрчилж, нотлох баримтуудаа устгаж байгаа  тохиолдолд парламент  мөрдөн шалгах сонсгол зохион байгуулдаг.  УИХ-ын гишүүд Засгийн газраас мэдээлэл авахгүйгээр бие даасан мэргэжлийн шинжээч томилдог. Жишээ нь АНУ-д бие даасан прокурор, европын улсуудад бие даасан шинжээч байдаг. УИХ-ын гишүүд өөрсдөө мэдээлэл өгөхөөрөө улстөржөөд байдаг. Тиймээс  тухайн  хөндөгдсөн асуудлаар мэргэшсэн хүмүүсийг оролцуулж, бие даасан шинжээч давхар томилоод парламент мандат өгдөг. Мандатынх нь хүрээнд  мэдээллийг цуглуулаад  тусгай түр хороо байгуулж, Мөрдөн шалгах сонсголыг  явуулна.  Жишээ нь эрүүдэн шүүх асуудал байгаа эсэх дээр сонсгол явуулахад Засгийн газар үнэн бодит мэдээллийг нуух, хангалттай мэдээлэл өгөхгүй байх тохиолдолд  УИХ  Түр хороо  байгуулж байна, тэр хүнийг бие даасан шинжээчээр оруулж байна гэдгээ зарлана. Ингээд тал талын  байр суурь, мэдээллийг сонсоно. Гэхдээ  сонсгол дээр хэн нэгнийг шүүхгүй, яллахгүй. Үнэн худлыг л тогтооно. Ингээд шийдвэр гаргахдаа  ашиглах юм. Үүнийг л мөрдөн шалгах сонсгол гээд байгаа юм. Үүнийг УИХ-ын зарим гишүүд ойлголтын зөрүүнээс болоод “УИХ  шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх гэлээ, хэн нэгнийг яллаж буруутгах гээд байна” гэцгээж байгаа.  Энэ бол зөвхөн мэдээлэл  авах зорилготой сонсголын хэлбэр гэдгийг ойлгох ёстой.

-Хуулийн төсөлд таны саяын хэлсэн эргэлзээг тайлах зохицуулалт нь орж чадсан уу. Нэр  томъёоны хувьд ч маргаантай асуудал байсан?

-Investigation гэдэг бол мөрдөн шалгах гэсэн утгатай. Германаар бол “байцаан  шийтгэх” гэж орчуулагддаг. Үгийн оноосон утгаас илүүтэй ойлголтын зөрүүгээ л арилгах хэрэгтэй юм  шиг  санагддаг. Шүүн таслах ажиллагаа явуулахгүй гэдгийг маш сайн ойлгох ёстой. Хуулийн төсөлд “шүүн таслах ажиллагаа явуулна, эсвэл хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулна”  гээд биччихвэл  цэвэр шүүх эрх мэдлийг булаацалдсан хэрэг болно. зөвхөн парламент биш Засгийн газарт ч мөрдөн шалгах  тодорхой үйл ажиллагаа явуулж болно. Тэр нь шүүн таслах үйл ажиллагаа  байж  болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Сонсгол явуулах  эрх ямар тохиолдолд үүсэх вэ  гэдгийг яаж үнэлэх вэ. Жишээ нь томилгооны сонсголыг бүх томилгоон дээр явуулна гэж байхгүй биз дээ?

-Ямар тохиолдолд сонсгол явуулах нь сонсголы төрөл бүр дээр өөр өөр. Нийтийн сонсголын тухай хуулиар ийм төрлийн сонсгол байна, үүнийг эдгээр хуулиар зохицуулна гэдгийг заагаад өгчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хуулийг санаачилснаараа нийтийн сонсголыг нэвтрүүлэх, төлөвшүүлэхэд бодлогын  түлхэц үзүүлж байгаа хэрэг. Ерөнхий хуулиа баталчихаад УИХ-ын Дэгийн тухай,  УИХ-ын тухай хуульдаа сонсгол явуулах нарийвчилсан журам гаргаж, сонсгол зохион  байгуулах тусдаа дэг батлах ёстой. Томилгооны сонсголыг бүх томилгоон дээр явуулахгүй. Тодорхой албан тушаалтнуудыг томилохдоо заавал  явуулна гэж оруулж өгөх ёстой. Жишээ нь Ерөнхий прокурор, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд гэх зэргээр заавал сонсгол хийх ёстой албан тушаалыг зааж өгнө. Нөгөө талаас заавал хийхээр хуульчлаагүй ч тухайн томилогдож буй албан тушаалтны талаар иргэдээс ноцтой мэдээлэл ирсэн тохиолдолд томилгооны сонсгол хийж болно.

-Саяхан Өргөдлийн байнгын хорооны дэргэд Хянан магадлах тусгай өрөө нээгдсэн. Энэ нэг хэлбэр нь  мөн үү. Заал нь бэлэн болчихлоо, хуулийн зохицуулалт нь л дутуу байгаа юм биш үү?

-Тэр танхим бол хатуу дэд бүтэц. Одоо бидэнд  зөөлөн дэд бүтэц хэрэгтэй. Энэ нь ямар  сонсголыг ямар дэгээр явуулах вэ гэдгийг зохицуулах ёстой. Нарийвчилсан дэг байхгүй бол сонсгол өөрөө улс төрийн арга хэрэгсэл, шоу, популизм болох эрсдэлтэй. Тэгвэл сайхан санаачлага муу зүйлийн эхлэл болчих учраас холбогдох хуулиуддаа нарийн зааж өгөх  шаардлагатай. Ямар хүмүүсийг сонсох вэ гэдэг ч учиртай. 1000 хүн өргөдөл гаргалаа гэхэд тэндээс бодитой мэдээлэл өгч чадах төлөөллийг сонгоно. Тэр  төлөөлөл дотор өөр өөр байр суурьтай хэсгийг бас адил тэгш оролцуулна. Татвартай холбоотой асуудал хэлэлцэж байхад судлаач нэртэй хүн болгоныг сонсох албагүй. Харин  тухайн салбараар мэргэшсэн хүний мэдээллийг сонсоно гэх зэргээр сонсголд хэн оролцохыг хүртэл чухалчилна.

-Хэлэлцүүлгээс ялгаатай нь хэн дуртай нь юу хамаагүй ярьж мэтгэлзэхгүй  гэж ойлголоо. Зөв үү?

-Тийм. Сонсгол зохион байгуулж байгаа улс орны туршлагыг харахад сонсголд оролцогчид Үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад  тангараг өргөдөг юм билээ.  “Өөрт байгаа мэдээлэл, туршлага, мэргэжлийн ур чадварынхаа хэмжээнд үнэн бодит мэдээлэл өгнө” гэж тангарагладаг.  Худал мэдээлэл өгсөн бол хариуцлага тооцдог. Худал мэдээлэл өгнө гэдэг парламентыг хуурч байна гэсэн үг. Ийм тохиолдолд тухайн хүнийг дахин ямар ч сонсголд оролцуулахгүй байх арга хэмжээ авдаг.  Харин төрийн албан хаагч парламентыг хуурсан бол төрийн албанд  ажиллах эрхийг хасах  хүртэл  хариуцлага тооцох жишээтэй. Түүнээс биш сонсголд ирээд буу халахгүй, хэн нэгнийг гүтгэхгүй, хувийн бодлоо ярихгүй.

-Нийтийн сонсголын хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлэхдээ их  хойрго байгаа. “Төслөө уншаагүй, мэдэхгүй, одоохондоо энэ талаар ярихгүй” гэдэг   ч юмуу  мэдээлэл өгөхөөс татгалздаг ч даа.  Магадгүй мөрдөн шалгах сонсголоос болгоомжлоод байна уу?

-Мөрдөн шалгах гэдгээс болгоомжилж байгааг би буруутгахгүй.  Мөрдөн шалгах сонсгол явуулах хэмжээ хязгаарыг  зөв  тогтоох ёстой. Тэгэхгүй парламент шүүн таслах ажиллагаа явуулаад эхлэвэл аюул шүү. Хэн нэгний хэргийг хэлэлцээд, буруутай буруугүй гэж ярих ёсгүй. Тиймээс мөрдөн шалгах сонсголын чиг үүргийг парламентад өгөхдөө хэмжээ хязгаарыг сайн  ярилцаж, ойлголцох   ёстой. Үүнээс болгоомжилж байгаа гишүүдтэй би ч санал нэг байна. Гэхдээ болгоомжлол нь хуулийн төслийг үгүйсгэх үндэслэл болох ёсгүй гэдэг дээр ойлголцох ёстой.

-Хуулийн төсөл  хэзээ хэлэлцүүлэгт ороход бэлэн болох вэ. Ойрын хугацаанд орох уу?

-Ойрын 14 хоногтоо  мэдээллээ гишүүдэд жигд тарааж, хэлэлцүүлэгт оруулах ажлаа эхлүүлнэ. Сонсголтой холбоотой хууль тогтоомжийн талаар  АН-ын гишүүд, парламентын чиглэлээр судалгаа хийж байсан гишүүд мэдээлэлтэй байгаа. Энэ бол 2012 оны сонгуулиар АН-ын  мөрийн хөтөлбөрт орсон амлалт. Нөгөө талаас парламентыг чадавхижуулах чиглэлээр  олон жил хамтарч ажилласан гадны экспертүүд энэ талаар зөвлөж байсан. Өөрөөр хэлбэл парламентыг ардчилалтай, ил тод, хариуцлагатай ажиллахад тусалдаг энэ чухал хэрэгслийг Монголын парламент хэрэгжүүлээч ээ гэсэн зөвлөмж өгч байсан. Бас манай иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын гишүүд сонгогчдоо төлөөлж чадахгүй байна, ямар хууль санаачилж байгаа нь бүрхэг, цөөн хүний эрх ашигт үйлчлэх хууль санаачилж байна гэх зэргээр шүүмжилж харддаг. Энэ хардалтыг алга болгох үүд хаалга нь сонсголын хэлбэр. Шийдвэр цөөн хүний үзэмжээр биш олон нийтийн дуу хоолойг сонсох, ардчиллын чанарыг дээшлүүлэх, иргэний хяналт сайжрах  зэрэг ихээхэн ач холбогдолтой.  Гол нь сонсголын үед өгч байгаа мэдээллийг үнэн зөвийг  нягтлах зөв арга зүйтэй байх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

С.ОТГОНСҮРЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21132
0 эможи
keyboard_arrow_up