Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.23. Пүрэв гараг/ үдээс хойших хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг сонсов.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин нар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч төлбөр авагч төлбөрөө авч чадахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа удааширч иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг боловсронгуй болгох, ял эдлүүлэх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай тул Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг гаргажээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд байнгын хорооны саналаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлав.
Үүний дараа Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар тус тус танилцуулав.
Манай улс уул уурхайгаас ихээхэн хамааралтай бөгөөд өнгөрсөн онд экспортын 89.2 хувь, төсвийн орлогын 17 хувь, ДНБ-ий 18.6 хувийг тус салбар бүрдүүлжээ. Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Төв банкнаас мөнгөний тэлэх бодлогыг идэвхтэй явуулж байгаагийн зэрэгцээ төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч, энэ хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж ирсэн. Энэ нь үнэ, ханш, инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд хүргэх, эдийн засгийг “хөөсрүүлж” улмаар “Голланд өвчин”-д нэрвэгдэх аюулын үүдийг үргэлжид нээлттэй байлгаж байна . Иймд өнөөдөр манайд үйлчилж буй макро эдийн засгийн менежментийн бодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж Норвегийн макро эдийн засгийн удирдлага, менежментийн загвартай адил өөрийн загварыг бий болгон хэрэглэх шаардлага зүй ёсоор гарч байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, бидний үр хүүхдүүдэд үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь болсон талаар хууль санаачлагчийн илтгэлд дурдагдлаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд, Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Сумьяабазар, Г.Баярсайхан, С.Баярцогт, Л.Цог нар асуулт асууж хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуултдаа, байгуулагдах гэж байгаа сан өөрөө эх үүсвэргүй болчихсон өрөнд орсон сан. 2010-2012 оны хугацаанд Хүний хөгжил сангийн орлогод 913 тэрбум төгрөг төвлөрсөн ч буцаагаад халамж, хүүхдийн мөнгөнд 1,9 триллион тараасан. Одоо энэ сангийн алдагдал нь нэг триллион болчихсон байгаа. Энэ алдагдлын асуудлыг яаж шийдэх юм бэ. Тооцоо судалгаа бий юу. Жил бүр Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгө өгч байгаа. Цаашид Хүний хөгжил сан татан буугдаад оронд нь Ирээдүйн өв сан гарч ирэх юм байна. Хүний хөгжлийн сангаас санхүүжиж байсан хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн даатгалын мөнгө ямар эх үүсвэрээс санхүүжигдэнэ гэсэн тооцоо байгаа вэ. Хүний хөгжил сан, Чингис бондын өр тулгамдсан энэ үед Ирээдүйн өв санг байгуулах ямар үндэслэл байна вэ гэдгийг тодруулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хариултдаа, Хүний хөгжил сангийн тооцооны асуудал байгаа. Хуулийн төсөлд Баялгийн болон Ирээдүйн сангийн үндсэн орлого, үйл ажиллагааг тооцож тусгасан. Хүний хөгжлийн сангаас санхүүжиж байсан хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлын хувьд 2018 оны нэг сараас эхлээд Хүний хөгжлийн сан нь хөгжлийн дараагийн шат буюу Баялгийн сангийн хэлбэр, тогтолцоо руу ороод явна. “Чингис”, “Самурай “бондын өрийн хувьд нэг хэсэг нь төсвийн нуруун дээр ирнэ. Нөгөө хэсэг нь аж ахуйн зориулалтаар олгосон зээлүүдийн эргэн төлөлтөөр хийгдээд явна гэв. Гишүүдийн зүгээс Монгол Улсад ажилладаггүй олон сан бий. Сангийн зориулалт, зарцуулалт бүрхэг байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Санг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх тооцоог дараагийн хэлэлцүүлэгт Засгийн газраас оруулж ирэх хэрэгтэй.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Ж.Батзандан, Д.Дэмбэрэл нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Улаан, Л.Цог үг хэлэв.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаар явуулах санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.