Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.23. Пүрэв гараг/ үдээс хойших хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ.
Хууль санаачлагчийн илтгэлд, өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлснээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж, улмаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан талаар дурдсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, З.Баянсэлэнгэ, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Ц.Дашдорж, С.Оюун, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, улсын төсвөөс орон нутгийн төсөв рүү мөнгө шилжүүлэх тухай асуудал яригдаж байна. Энэ хуулийг дэмжээд явбал улсын төсвийн орлого буурах юм. Улсын чанартай томоохон төслүүд, иргэдийн цалин, тэтгэвэр, халамж бүгд улсын төсвөөс хийгддэг. Өнөөдөр улсын төсвийн орлого бага байгаа учраас Засгийн газар зээл аваад явж байгаа. Улсын төсвийнхөө орлогыг бууруулаад орлого бүрдэхгүй байна гээд зээл аваад, үнэт цаас гаргаад байдаг мөртөө улсын төсвийн орлогыг бууруулах асуудлыг оруулж ирж байгаа нь бодлогын алдаа болж байна. Өнөөдрийнх шиг санхүүгийн эх үүсвэр муу, төсвийн орлого бүрдэхгүй байгаа, дээр нь данхайсан зардлаа хасч чадахгүй байгаа ийм нөхцөл байдалд эх үүсвэрээ төвлөрүүлж, үргүй зардлуудыг танаж байж хямралаас гарна. Одоогийн оруулж ирж байгаа хуулийн төслүүд эсрэгээрээ, мөнгө төвлөрүүлэх асуудал байхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, цаг хугацааны хувьд орон нутагт шийдвэрлэх асуудал мөн үү гэвэл биш. Орон нутгийн хөгжлийн сан нь цаашлаад аймгийн, сумын хөгжлийн сан гээд явдаг. Хөдөө, орон нутагт өгсөн хөгжлийн сангийн мөнгөөр өнөөдөр юу хийсэн талаар судлаад үзээрэй. Арван хэдэн саяар жорлон хийдэг, хоёр зуун саяар цэцэрлэгт хүрээлэн нэртэй хашаа барьж гэрэлтүүлэг хийж байгаагаас өөр цаашлах юм байхгүй гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, энэ хууль өөрөө хөгжлийн бодлогын концепцын хувьд цоо шинэ хууль гэж харж байгаа. Мөнгийг төвлөрүүлэх асуудлыг гишүүд ярьж байна. Бид байхгүй байгаа мөнгийг л төвлөрүүлнэ, хуваана гэж яриад байгаа. Гэтэл энэ нь мөнгөний цоо шинэ эх үүсвэр олохын тулд санаачилсан хуулийн төсөл. Энэ эрх мэдлийг өгснөөр аймгууд өөрсдийнхөө орон нутагт уул уурхайг хөгжүүлэх, тэгснээр иргэдээ ажилтай, орлогтой болгох, орон нутгийнхаа эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдэхэд орон нутаг өөрөө ажиллая гэж байгаа. Харин зарцуулах мөнгийг Монгол Улсын нэгдсэн хөгжлийн бодлогод нийцүүлж зарцуулалт хийж чадах уу гэдэгт онцгой анхаарах ёстой. Хуулийн төсөлд мөнгийг яг юунд зарцуулах талаар тодорхой харагдахгүй байна. Иймд яаж хөгжлийн нэгдсэн бодлоготойгоо нийцүүлэх, хэн шийдэх, орон нутагт цэцэрлэг, сургууль ямар нэг обьект барилаа гэхэд чанар, стандартын асуудалд яаж анхаарах асуудлыг тодотгосон юм.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат өгсөн хариултдаа, орон нутагт очиж байгаа хөрөнгийн хэмжээ сургууль, цэцэрлэг бариад байхаар их хөрөнгө байх боломжгүй. Нийт 30 хувийн орлогын 20 хувь нь аймагт, 10 хувь нь суманд очих юм. Аймгийн түвшинд орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барих бололцоотой. Гэхдээ энэ нь нэгээс хоёр цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө хуваарилагддаг. Цаашдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх бололцоо хомс байгаа. Иймээс хуулиа мөрдөж ажиллах шаардлагыг орон нутгийн удирдлагад тавина. Хуулийн төсөлд аймаг, орон нутагт очих мөнгийг юунд зарцуулах нь тодорхой бус байгаатай санал нэг байна гэлээ.
Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ч.Улаан нар үг хэлэв.
Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 58, 3 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.