О.Баасанхүү: Эрдэнэс Тавантолгойн гэрээнд иргэдийн эрх ашгийг хамгаалахыг тусгайлсан бүлэг болгон тусгана
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газраас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 150, 151 дүгээр тогтоол гаргасантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлах болсон хэмээн мэдээллийнхээ эхэнд хэлсэн юм.
Өргөдлийн байнгын хорооноос 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 тоот тогтоол батлан, уг тогтоолоор Засгийн газарт Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах чиглэлийг өгсөн аж.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Засгийн газар хуралдаад иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэхийг зөвшөөрсүгэй гэсэн шийдвэр гаргасан байна хэмээгээд хамгийн гол нь 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар гэрээнд тусгаагүй байна гэж хэллээ. Тэрбээр гэрээнд энэ талаар заалт оруулахыг шаардаж байна хэмээгээд Байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн алхамаа хийх болно гэж мэдэгдлээ.