Өргөдлийн байнгын хорооны дүрэмд нэмэлт хоёр хэсэг оруулав

2015 оны 4 сарын 23

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 4-р сарын 22-ны Лхагва гарагийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудлыг батлахтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг Монгол даяараа хүсэж байгаа ч энэ талаар тодорхой ойлголцол байхгүй байгаа тул Монгол Улсын сайд М.Энхсайханаас мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү” гэсэн горимын санал гаргасан боловч Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 50-1-2-т заасан ёсоор энэ удаа хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж уг асуудлыг хойшлуулав.

Ингээд эхний асуудал болох Засгийн газрын тогтоол хуульд нийцээгүй талаарх иргэний өргөдлийг хэлэлцэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Иргэн Б.Ууганбаяраас “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хууль тогтоомжид нийцээгүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаас хүчингүй болгох асуудлаарх өргөдлийг тус Байнгын хороонд ирүүлсэн байна. Байнгын хорооны 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 02 тоот тогтоолоор баталсан Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийн дагуу уг өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа нар судалж, Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр санал, дүгнэлтээ боловсруулан оруулжээ.

 Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2-т зааснаар газрыг зөвхөн 4 зориулалтаар Монгол Улсын улсын тусгай хэрэгцээнд авахаар заасан атал Засгийн газрын 175 дугаар тогтоол нь энэ хуульд заасан 4 зориулалт, үндэслэлийн алинд ч хамаарахгүй, анхнаасаа хууль зөрчсөн тогтоол болсон гэж иргэн Б.Ууганбаяр үзэж байв. Үүнээс гадна уг тогтоолын 2 дахь хэсэгт улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан ч нөхөх олговор олгоогүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хохироосон гэж тэрбээр өргөдөлдөө мэдүүлсэн байна.

 Энэ асуудалтай холбогдуулан С.Ганбаатар, Ж.Батзандан, Н.Батцэрэг, С.Одонтуяа нарын гишүүд санал бодлоо илэрхийлсэн бөгөөд ажлын хэсэгт орж ажилласны хувьд С.Ганбаатар гишүүн ярихдаа “Ийм асуудал дээр монголчуудынхаа эрх ашгийг хайхрахгүй хэтэрхий дураараа, хуулигүй юм шиг авирлаж байна. Өргөдлийн байнгын хороо үүн дээр хатуу хяналт тавьж ажиллана” гэсэн бол Ж.Батзандан гишүүн “Тусгай хэрэгцээт газар газар нутагтай холбоотой маргаан сүүлийн үед их гарч байна. Монголчуудаа дарамталж газрыг нь булаан авдаг атлаа гадныханд янз бүрийн нэрийдэл, шалтгаанаар найр тавиад өгчихдөг. Тиймээс ийм газрын эзэмшил, ашиглалтын асуудлыг нэг тийш болгох нь зүйтэй” гээд Байнгын хорооноос оруулж буй тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Гишүүд үг хэлж дууссаны дараа “Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол нь Газрын тухай, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байх тул уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй” гэсэн Ажлын хэсгийн дүгнэлтээр хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг хурааж, 100 хувийн дэмжлэгтэйгээр Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

Үүний дараа нийслэлийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн талаарх 2973 иргэнээс ирүүлсэн өргөдлийн асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш ажилчид болох 158 албан хаагч, суралцагчдын эцэг эхчүүд зэрэг нийт 2973 иргэнээс тус сургуулийн барилгад давхар нэмэх өргөтгөлийн төсвийг нэмэгдүүлэн сургуулийн дэргэд өргөтгөл барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлсэн байна. Тус Байнгын хорооноос гаргасан гишүүдийн хариуцах салбарын хуваарийн дагуу эдгээр өргөдлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар судалж, Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр санал, дүгнэлт оруулсныг Ж.Батзандан гишүүн танилцууллаа.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн IX.1.1.153-д зааснаар 84-р сургуулийн барилгын өргөтгөлд 1.300.000.000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөг хуваарилсан байна. Гэвч 84 дүгээр сургууль нь 1989 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан, нэмэх тэмдэг хэлбэртэй барилга байгууламжтай бөгөөд шинжээчдийн дүгнэлтэд сургуулийн барилгын зүүнээс баруун тийш байрлалтай хэсгийн хоёр жигүүрт хүчитгэл хийсний дараа давхарлах, харин хойноос урагшаа байрлалтай хэсэг дээр даац нэмэх боломжгүй гэжээ. Мөн 2014 онд 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр дээврийн 3000 ам метр талбайг засварласан байна. Иймд уг батлагдсан хөрөнгөөр өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлж, 2016 оны улсын төсөвт үлдсэн зардлыг тусган батлуулах асуудплыг өргөдөлд дурдсан байв.

Энэ чиглэлээр ажилласан Байнгын хорооны гишүүд 84 дүгээр сургуулийн одоо байгаа барилга дээр давхар нэмэх бус, тус сургуулийн эдэлбэр газар дээр барилга барих асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, тиймээс сургуулийн өргөтгөлийн шинэ барилгын зураг төслийг боловсруулан 2015 оны төсөвт тодотголоор тусгуулах, эсхүл 2016 оны улсын төсөвт тусгах замаар хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Н.Батцэрэг, Д.Хаянхярваа нарын гишүүд төсөв санхүүтэй холбоотой, цэвэр аж ахуйн шинжтэй энэ асуудал Өргөдлийн байнгын хорооны хариуцах чиг үүрэгтэй нийцэх эсэх, энэ асуудлыг хэлэлцэх нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол Байнгын хорооны дарга О.Баасанхүү “Төсөв, санхүүтэй холбоотой асуудлаар тус байнгын хороо бие даасан шийдвэр гаргах эрхгүй ч Байнгын хорооны дүрэм ёсоор 900-гаас дээш иргэний өргөдлийг хэлэлцэх үүрэгтэй. Төсвийн тухай хуулиар нэг тэрбум 300 сая төгрөг төлөвлөсөн нь газар дээрээ хаанаа ч хүрэхгүй байгаа. Тиймээс уг хуультай нийцүүлэн шийдвэр гаргах ёстой тул Байнгын хорооны гишүүдийн саналыг тусгасан хурлын тэмдэглэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайдад мэдээлэл хүргүүлье” гэсэн саналтай байв. Байнгын хорооны даргын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр энэ өдрийн хуралдааны гурав дахь асуудал болох Байнгын хорооны дүрэмд нэмэлт оруулах тухай асуудалд шилжлээ.

Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн санал хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор зохион байгуулдаг нээлттэй болон хаалттай сонсголтой холбоотойгоор хорооныхоо дүрэмд 7.4; 7.5 гэсэн нэмэлт хоёр хэсэг оруулж байгаа бөгөөд Байнгын хорооны дүрэмд нэмэлт оруулах тухай энэхүү тогтоолын төслийг гишүүдийн 77,8 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21012
0 эможи
keyboard_arrow_up