Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны дахин төлөвлөлтийн бүсэд багтсан иргэдтэй уулзлаа

2015 оны 4 сарын 23

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах талаар Байнгын хорооны санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ахлан ажиллаж байгаа юм. Тэрээр өнөөдөр /2015.04.22/ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны дахин төлөвлөлтийн бүсэд багтсан иргэдтэй уулзаж, гэр хорооллыг барилгажуулах ажилд ямар хүндрэл үүсээд байгаа талаар ярилцав.

Тус хорооны нутаг дэвсгэрт “Цагаанхуаран консалтинг” компани барилга барихаар шалгарч, газар чөлөөлөлтийн ажлаа эхлүүлэх байсан боловч иргэдээс газрыг нь багаар үнэлж байна гэсэн гомдол ирснээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхлээгүй байна. Компанийн зүгээс нийт талбайд оршин суугаа өрхийн 75 хувь нь зөвшөөрч, гэрээ байгуулсан. Тиймээс тухайн хэсгийн газрыг чөлөөлөн барилгын ажлыг эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа тайлбарласан. Харин иргэдийн зүгээс “Цагаанхуаран консалтинг” компанийн иргэдтэй хийсэн 2 талт гэрээг 75 хувьдаа хүрсэн эсэхийг хөндлөнгийн комисс шалгаж өгөх, барилгын компанийн сонгон шалгаруулалтыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх, газрын үнийг нэмэх зэрэг саналтай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзанданд дуулгаж байлаа.

Уулзалтад Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, “Цагаанхуаран консалтинг” компанийн захирал П.Ганзориг нар оролцож иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэд, аж ахуйн нэгж хооронд ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлэл аваад Өргөдлийн байнгын хороон дээр иргэд, аж ахуйн нэгж хоорондын зөрчилдөөд байгаа асуудлаар мэдээлэл хийж, цаашдаа энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21011
0 эможи
keyboard_arrow_up