Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн нэрийг өөрчлөх саналыг дэмжив

2015 оны 4 сарын 22

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.04.22/ хуралдаан 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлээд байсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Н.Батцэрэг, М.Батчимэг, С.Дэмбэрэл нар Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлахад уг хуулийн төсөлд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн нэрийг өөрчилж “Хууль тогтоомжийн эмхэтгэл” гэж нэрлэхээр тусгасныг “Төрийн мэдээлэл эмхэтгэл” гэж хэвээр нь үлдээх саналыг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Л.Цог, А.Бакей нар гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн төслийн нэрийг “Хууль тогтоомжийн тухай хууль” гэж өөрчлөх санал гаргасан нь олонхын дэмжлэг авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг хуулийн төслийн 6.4 дэх хэсгийг “Үндсэн чиглэлийг Улсын Их Хурал хэлэлцэж батална” гэж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг төслийн 7.1.2-т “нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн үзэл баримтлалыг хөндөж буй зүйл, заалт нэг бүрээр үнэлгээ хийсэн байх” гэсэн хэсэг нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хэлэлцүүлгийн явцад тухайн хууль тогтоомжийн төслийн нийт зүйл, заалтын тодорхой хувиас илүү нь өөрчлөгдөх, эсхүл үзэл баримтлал нь өөрчлөгдсөн бол төслийг санаачлагчид нь буцаах санал гаргасан нь дэмжигдлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналууд олонхын дэмжлэг авсан юм. Байнгын хороо энэ тухай санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн төслийг намын бүлгүүд хэлэлцээгүй байгаа, түүнчлэн төслийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа талаар экспертийн албаны дүгнэлт гарсан учраас нухацтай ярилцах шаардлагатай тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо мэдээлэл хийсэн юм.

Төрийн албаны зөвлөл 2014 онд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн боловсон хүчнийг томилох, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулахад голлон анхаарч ажиллалаа. Мөн Төрийн албаны зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэл хийж ажилласны үр дүнд тодорхой чиглэлд ахиц гарсан жил боллоо. Хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангахын тулд санхүү, хүний нөөцийг зөв зохистой хуваарилах, ачааллыг жигдрүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн даргын 143, ажлын албаны даргын 70 тушаал захирамжаар ажлын хэсгүүд байгуулж ажилласан нь зохих үр дүнгээ өгсөн талаар тус зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулгадаа дурдав.

Тус зөвлөл өнгөрсөн онд нийтдээ 37 удаа хуралдаж, 170 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэсний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр нийслэл болон 11 аймаг, 13 яамны нийт 25 салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, бүсчилсэн хэлэлцүүлэг, сургалт семинарыг 20 гаруй удаа зохион байгуулж, салбар зөвлөлийн ажилтнууд, төрийн албан хаагчдад мэргэшил, арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.

Тайлангаас үзэхэд тус зөвлөл 2014 онд нийт төрийн захиргааны 20 байгууллагын удирдах ажилтны 40 ажлын байранд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах захиалгыг хүлээн авч гүйцэтгэсний зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалын 1997 /давхардсан тоогоор/ сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарлан 13618 иргэнийг бүртгэснээс 3475 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Энэ хугацаанд тус зөвлөлд төрийн албан хаагчдаас 512 өргөдөл, гомдол ирүүлсний 116 нь хууль бусаар халагдсан, бусад нь нөөцийн болон мэргэжлийн шалгалттай, 62 нь ёс зүйн асуудалтай холбоотой байсныг тухай бүрт нь хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой 347 асуудлыг салбар зөвлөлөөр хэлэлцүүлж 15 хувьд нь сахилгын, 85 хувьд нь бусад шийтгэл оногдуулсан байна.

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны эцсийн байдлаар гаргасан судалгаагаар манай улсад 183600 төрийн албан хаагч ажиллаж байгаа агаад төрийн албан хаагчдын тоо өмнөх оныхоос 14 мянгаар нэмэгдсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулга, тус зөвлөлийн 2014 оны тайлантай холбогдуулан асуулт асууж тодруулан санал хэлсэн гишүүдийн ихэнх нь Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг далимдуулан төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог, Төрийн албаны зөвлөл хараат бусаар ажиллах чадамжгүй болсон зэрэгт шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр цогцоор нь авч үзэж өөрчлөх асуудлыг яаралтай шийдэх, энэ үндсэн Төрийн албаны зөвлөлийн статусыг эргэн харж үйл ажиллагаагаа бие дааж хараат бусаар явуулах, төрийн алба нь улс төрөөс ангид, тогтвортой, мэргэшсэн, залгамж чанартай байх нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн шинэ зохицуулалт хийх хэрэгтэйг үг хэлсэн гишүүд онцолж байв. Иймээс Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийхтэй холбогдсон санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Баярцогт, Л.Цог, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.             

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20997
0 эможи
keyboard_arrow_up