Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 4 сарын 22

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.22.Лхагва гараг/ хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгоход бодлогын гол зорилго оршиж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Оюун танилцуулга хийв. Ажлын хэсэг гурван удаа , дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Мөн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. Санал хураалтын явцад гишүүдийн зүгээс, бодлогын баримт бичгийг баталснаар ямар ахиц гарах, хаягдал модны хэмжээ, хязгаарыг тогтоохдоо бүс нутгийг харгалзан үзэж уян хатан тогтоох боломжтой эсэх, гаднаас орж ирж байгаа түймрийн хохирлын талаар авах арга хэмжээнд ямар зохицуулалт хийж байгаа талаар ажлын хэсгээс тодруулж, ой хамгаалах болон байгаль орчныг хамгаалах бодлогыг уул уурхайтай холбох, модны хулгайчдыг шууд хорих, торгох, машиныг нь хураах бус хохирлыг нөхөн төлүүлэх, улмаар мянгаас хоёр мянган мод суулгуулж байх зэрэг санал хэлж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгө хэрэгтэй гэв.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг томилох саналыг дэмжлээ. Түүнчлэн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсохоор тусгасан ч салбарын сайд нь гадаадад томилолттой байгаа учир хойшлуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20967
0 эможи
keyboard_arrow_up