"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2015 оны 4 сарын 22

"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2015.04.22/ боллоо. Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас өргөн барьсан уг төслийг боловсруулах хүрээнд хийж буй тав дах удаагийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо, Хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан юм.

 Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэллээ. Тэрээр Засгийн газраас 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар, нэгдүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн гээд Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Энэхүү хуулийн төсөл нь хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулна гэдгийг хэлсэн.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн захирал Б.Болдбаатар оролцож үг хэллээ. Тэрээр УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиуд амьдралд тэр болгон нийцэхгүй, хэрэгжилт сул, олон нийтийн санаа бодлыг тусгадаггүй зэрэг шүүмжлэл иргэдээс ирсээр байгаа. Тиймээс Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг боловсруулан гаргахаар ажиллаж байна. УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл дээр ажиллаж байна. Түүнчлэн Монголын Хуульчдын холбоотой УИХ-ын Тамгын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн шатанд хуульчдын санал бодлыг тусгах байдлаар хамтран ажиллахаар болсон юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны хуульчид оролцож өөрсдийн санал бодлыг хэлж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай байна гэлээ.

Мөн Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх нар үг хэлэв. Хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх батлах процесс” илтгэлээр үргэлжлүүлэв.

Мөн “Хуулийн төсөл боловсруулах техникийн шаардлагууд” сэвдээр “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн зөвлөх Н.Лувсанжав, “Хуулийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоо” сэдвээр “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч Х.Номингэрэл, Хуулийн хэрэгжүүлэлт, хэвлэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ сэвдээр Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий нар илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20954
0 эможи
keyboard_arrow_up