Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015 оны 4 сарын 22

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.21/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

2004 онд Монгол Улсын Их Хурлаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон.

Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг холбогдох яамдаас батлан хэрэгжүүлж, Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ.

Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна.

Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид анхааруулсаар байгаа аж.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, эмэгтэйчүүдээс бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлж шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх шаардлагын дагуу Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдарч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулсан байна. Энэ нь хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчилж, хамгаалалтад хамрагдах боломжтой болж буй аж.

Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолжээ. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсоноор гэм буруутай этгээд хариуцлага гарцаагүй хүлээх нөхцөл бүрдэх гэнэ. Хохирогчид үзүүлэх үйлчилгээ цогц бус, төрөлжөөгүй, салангид байдлаар хуульчлагдсан, үйлчилгээг хэн, ямар журмаар үзүүлэх талаарх зохицуулалт тодорхойгүй байсныг өөрчил, хохирогчид үзүүлэх үйлчилгээг аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа гэсэн төрөлтэй байхаар томъёолжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үүний дараа “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэнэ. Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага тооцож ажилладаг жишгийг хуульчлан тогтооно. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгох, шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох, авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлэх, авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтлах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн хэмээн танилцуулгад дурдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах асуудлыг зорилго болгосон.

Энэхүү хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг бүх аймаг, нийслэлийн дүүргүүдэд, Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, холбогдох яам, агентлаг, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, олон улсын зарим байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, оролцогчдын саналыг төсөлд тусгасан байна.

Хөтөлбөрийн төсөлд гадаад, дотоодын туршлага, мэргэжилтэн, судлаач, олон улсын зөвлөх, шинжээчийн холбогдох санал зөвлөмж, судалгаа, тооцооны дүнг тусгажээ.

Хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй бөгөөд Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн 12 чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгасан байна.

Гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20934
0 эможи
keyboard_arrow_up