УИХ-ын дарга З.Энхболд "Эврика" эрдэм шинжилгээний их хурлын гранпри шагналыг гардууллаа

2015 оны 4 сарын 17

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг “Эврика-2015” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал амжилттай болж, өнөөдөр /2015.04.16/ өндөрлөв. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд тус их хурлын хаалтын арга хэмжээнд оролцож, шилдэг багш, оюутны гранпри шагналыг гардууллаа.

“Эврика” эрдэм шинжилгээний хурлыг Монголын Залуучуудын холбооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байна. Харин УИХ-ын даргын ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс их хурал болон хүрээгээ тэлжээ. Тус их хурлын салбар хуралдаанууд 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ны хооронд амжилттай болж өндөрлөсөн юм. Эрдэм шинжилгээний хх хурал нь гурван үе шаттайгаар улс даяар явагдсан бөгөөд сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 339 оюутан, 90 багш хоёрдугаар шатанд оролцжээ. Эдийн засаг, бизнес, техник технологи-мэдээллийн технологи, нийгмийн ухаан, хууль-хууль эрхзүй, газарзүй-геологи, экологи-хөдөө аж ахуй, байгалийн ухаан, анагаах ухаан зэрэг 9 салбарын хүрээнд судалгааны бүтээлүүдийг өрсөлдүүлснээс гуравдугаар шатанд 9 багш, 48 оюутны 27 бүтээл шалгарсан байна.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар салбар бүрээс шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлж, 1 залуу багш, 1 оюутны бүтээлийг шилдгээр тодруулж, гранпри шагнал гардуулсан. “Эврика 2015” эрдэм шинжилгээний их хурлын шилдэг багшаар газарзүй, геологийн салбарт “Баруун өмнөд Монголын цээлийн террейны хувирмал чулуулгын дулааны хувьсал болон Төв Азийн Ороген бүсийн гүний чулуулгийн түрэлтийн хоорондын хамаарал” сэдэвт илтгэлээрээ оролцсон ШУТИС-ийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн ахлах багш Ө.Бүрэнжаргал шалгарч, УИХ-ын дарга З.Энхболд гранпри шагналыг гардуулсан юм. Мөн анагаах ухааны чиглэлээр “Үсхий ортууз /Oxytropis Lanata (Pall) DC/ ургамлын ацетилхолинэстреза ферментийг дарангуйлах идэвхийн судалгаа” сэдвээр илтгэл тавьсан МУИС-ийн оюутан Б.Буянхишиг шилдэг оюутнаар шалгарч, гранпри шагнал хүртлээ.

Эрдэм шинжилгээний их хурлыг хааж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Манай залуу судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ зөвхөн дотооддоо яриад байх биш, дэлхийн шинжлэх ухааны тогтсон дэг жаягийн дагуу ажиллах талаар онцгой анхаарах хэрэгтэй. Их дээд сургуулийн магистрант, докторантын диссертаци төдийгүй, баклаврын төгсөх оюутны дипломын ажил ч гэсэн тухайн шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэхийг зорилгоо болгосон, урд өмнө хэн ч шийдэж чадаагүй жижиг боловч асуудлыг сонгон авч судалдаг байх ёстой” гэв. Түүнчлэн их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууд аж үйлдвэрийн салбаруудтай нягт хамтран ажиллаж, улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож жинтэй хувь нэмэр оруулж явахыг бас нэг үндсэн чиглэлээ болгох нь зүйтэй гээд  “Эврика”-д оролцогчдод дэлхийн  дэвжээн дээр өрсөлдөж ялалт байгуулахыг хүсэн ерөөлөө.

Энэ жилийн эрдэм шинжилгээний их хурлын шилдэг оролцогчдод үндсэний хэмжээний ивээн тэтгэгч 10 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдэж байгаагийн зэрэгцээ шилдэг бүтээлүүдийг олон нийтэд түгээж, андройд аппликейшинд байршуулах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20704
0 эможи
keyboard_arrow_up