Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2015 оны 4 сарын 17

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.16.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцуулсан юм.

Манай улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт протоколд 2004 онд нэгдэж оржээ. Хүний эрхийн чиглэлээрх олон улсын бүх гэрээ, конвенциуд нь уг конвенцийн зүйл, заалтыг зөрчсөн улс орнуудаас гомдол хүлээн авч, хянан хэлэлцэх зохицуулалт тусгасан байдаг бол хүүхдийн эрхийн конвенци нь ийм механизмгүй учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг баталж, 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн орнуудаас гарын үсэг зурах, соёрхон батлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Одоогоор уг Нэмэлт протоколд дэлхийн 14 улс нэгдэн орж, 46 улс гарын үсэг зураад байгаа аж.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хуулийн төслийн талаарх илтгэлдээ, Монгол Улс энэхүү Нэмэлт протоколд нэгдэн орсноор хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, ялангуяа “Хүүхдийн эрхийн тухай” конвенци, түүний Нэмэлт протоколуудын хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны нэгдсэн механизмыг бий болгож бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яамнаас олон улсын байгууллагад гомдол гаргах эрхтэй болох юм гэдгийг дурдлаа.

Мөн тэрээр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих, зөрчигдсөн эрхийг хамгаалах механизм манайд үндсэндээ алга. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал үр дүнд хүрэх боломж харагдахгүй байна. Иймээс хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуульчдын оролцоотойгоор энэ хуулийн төслийг боловсруулсан гэдгээ хэлэв. Мөн Засгийн газрын гишүүн Л.Гантөмөр ирэх онд Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжгүй байлгахаар зохион байгуулахаар ажиллаж байгаа. Сургуулиуд олон ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт их байдаг, нэг ширээнд гурвуулаа суудаг зэрэг нь тухайн сургуулийн тойргийн бус хүүхдүүд их ирдэгтэй нэг талаар холбоотой. Энэ асуудлыг цэгцлэхээр сүүлийн гурван жил ажиллаж байгаа гэлээ.

Ингээд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж саналаа хэлсний дараа хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нар танилцуулав.

Манай улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхлээд 20 жил болж байна. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм.

Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ. Мөн дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5, 2030 онд 7, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байна. Мөн хүн амын насжилт, түүнээс улбаалан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээний зохистой харьцаа алдагдаж байна. Иймээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлагатай байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд илтгэлдээ дурдав.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, албан бус салбарт ажиллагчдыг тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төсөл нь 2015-2030 оныг хамрах агаад 5 үндсэн бүлэг, 9 дэд бүлэг, 75 заалт тусгагджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Су.Батболд, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Н.Номтойбаяр, Н.Энхболд, Г.Уянга, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, өнгөрсөн оны тооцоогоор тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 8.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогоор тэтгэврийн нэрийн данс зөвхөн бичилтийн аргаар явж байгаа, бодит мөнгөн хуримтлал хараахан бүрдээгүй байгаа. Иймээс Засгийн газрын дотоод бонд, ипотекийн зээлийн эх үүсвэр, хувийн тэтгэврийн даатгалын сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр зэргийг ашиглах асуудал яригдаж байгаа гэлээ. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт, эрсдлийн жил зэргийг харгалзан цаашдаа тэтгэвэрт гарах насны хэмжээг 2017-2030 он хүртэл аажмаар үе шаттайгаар нэмэгдүүлэх зарчим барихаар бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан. Гэхдээ малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд тэтгэвэр тогтоолгож байгаа одоогийн насыг хэвээр хадгалах нь зөв гэж үзэж байгаа гэдгээ хэлэв.

Мөн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг, Б.Болорчулуун, Л.Болд, О.Баасанхүү, Б.Болор нар үг хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын нэр бүхий 23 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар танилцуулав.

Монгол Улсад бие даасан, хараат бусаар ажиллах чиг үүрэгтэй Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталж, 2001 онд Үндэсний комисс байгуулагджээ. Хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан механизмыг боловсронгуй болгох, Парисын зарчимд бүрэн нийцүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тавигдаж буй практик болон хууль зүйн шаардлагыг шийдвэрлэхийн тулд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ чиглэлээр уг хуульд 4 хэсэг, заалтын агуулгыг шинээр нэмж, 8 хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Тухайлахад, үндэсний комиссын дэргэд хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүний эрхийн хараат бус шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий Хүний эрхийн олон нийтийн орон тооны бус зөвлөл ажиллах, энэ зөвлөл нь Комиссын үйл ажиллагаанд санал, зөвлөмж өгөх, бие даасан хараат бус үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэгтэй байх, Хүний эрхийн олон нийтийн зөвлөлийг аймаг, хотын хэмжээнд байгуулж болох зэрэг асуудлыг хуульд нэмэхээр тусгажээ. Түүнчлэн хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулийн зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулж зохицуулахаар тусгасан байна.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд олонхын дэмжлэг аваагүй аж. Учир нь хууль шүүхийн байгууллагын хараат бус үйл ажиллагаанд харшлах агуулгатай заалт төсөлд тусгагдсан байна гэж үзжээ. Иймээс төслийн уг заалтыг татан авч буйгаа төсөл санаачлагчдыг төлөөлж С.Дэмбэрэл гишүүн мэдэгдсэн юм. Харин гишүүн О.Баасанхүү төслийн амин сүнс болсон гол заалтаа дур мэдэн татан авч болохгүй гэж төсөл санаачлагчдын нэгийн хувьд үзэж буйгаа хэлэв.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн нар төсөл санаачлагч болон Хүний эрхийн Үндэсний комиссын даргаас асуулт асууж тодруулав. Харин төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагч хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.1 хувь нь байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20703
0 эможи
keyboard_arrow_up