УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Азийн залуучуудын зөвлөлийн чуулганы талаар мэдээлэл хийв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.04.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн ээлжит 13 дугаар ерөнхий чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулах гэж байгаа талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллээ. Тэрээр “Монгол Улсын хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэ чуулган юм. Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний 600 зочин, төлөөлөгч оролцох уг чуулган 05 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно” гэлээ. Мөн тэрээр, энэхүү чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой хэмээн тооцож НҮБ, Хүн амын сангаас онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглэв.
Тус чуулган нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, туршлага солилцох боломж олгох зорилготой. Мөн энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” сэдэвт үндэсний чуулганыг дүгнэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.