Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015 оны 4 сарын 16

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.14.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын чуулганы 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцсэн бөгөөд санал хураалтыг дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулаад байсан юм. Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараагийн асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг сонсох байлаа. Нэр дэвшигчдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг сонссон тухай Хууль зүйн байнгын хорооны мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүн таслах ажиллагаанд Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэх, хүний эрхийг хангахад төрийн бусад байгууллагатай нягт хамтарч ажиллах, хуульд заасан шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлагчид уламжлах эрхийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар Улсын дээд шүүхийн шүүгч нь шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, төвийг сахисан, шударга ёсыг дээдэлсэн, аливаа улс төрийн хүчин, бизнесийн байгууллагын нөлөөллөөс ангид, хүний эрхийг дээдэлж ажиллах шаардлагатай, Шүүхийн ерөнхий зөвлөл алдаа дутагдал удаа дараа гаргаж байгаа шүүгчдийн судалгаа хөтөлж, дүн шинжилгээ хийж байх, шүүгчдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, чадваржуулахад анхаарах, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Улсын дээд шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар нэр бүхий иргэний нэхэмжлэлээр захиргааны хэргийн шүүхэд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороонд тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, зарим нэр дэвшигчийг гуравдагч этгээдээр татсан байгаа тул асуудлыг шүүхийн эцсийн шийдвэр гартал түр түдгэлзүүлэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүх аливаа бүлэглэлийн захиалгаар ажиллахгүй байх, шүүхийн шийдвэр үндэслэл сайтай, иргэдэд ойлгомжтой, тодорхой байж, эрдэм шинжилгээ болон практикт судлагдахуун болж ашиглагдах, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шүүгчид үйл ажиллагаандаа үнэн ба хууль, хууль дээдлэх ба шударга ёс, хууль дээдлэх ба зүй ёс, хууль дээдлэх ба эрх зүйн соёл, хууль дээдлэх ба хүний эрх чөлөө гэсэн зарчмыг хэрэгжүүлж ажиллах, УИХ-ын гишүүн Д.Ганбат 2012 онд шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн тухай багц хууль батлагдаж 2013 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг анх удаа УИХ-д танилцуулж байна. Иймд Шүүхийн тухай багц хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр томилогдох гэж байгаа анхны хяналтын шатны шүүхийн шүүгчид маань шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг маргаан хянан шийдвэрлэхдээ хэнээс ч хараат бусаар ажиллах зарчмыг баримтлах нь зүйтэй зэрэг саналыг тус тус гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлсэн.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, нийгэмд шүүхийн нэр хүнд унасан, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэгт эргэлзэж эхэлсэн хэмээлээ. Тэрбээр, хүний эрхийг хангахын тулд хууль үйлчилдэг байтал хүнийг удаан хугацаагаар хорьдог, мөрдөж мөшгөдөг явдал хэрээс хэтэрлээ гээд хүний эрхийг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ гэж лавласан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, шүүгчдийн нэр хүнд сайнгүй байгааг хүлээн зөвшөөрөөд энэ нь ч шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нэг шаардлага нь болсон гэж хэлсэн. Гэхдээ шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр шүүгчдийн нэр хүнд эргэж дээшлэх сэргэх хандлага ажиглагдаж байгаа хэмээсэн.

Цалин мөнгө, шударга ёсыг тогтоох уу гэж УИХ-ын гишүүн Г.Уянга нэр дэвшигчдээс асуусан.

Нэр дэвшигчид, шүүгчид ямар ч тохиолдолд хуульд захирагдаж шударга ажиллах ёстой гээд шүүгч өөр ажил эрхэлж болдоггүй, харилцах харилцаа, хүрээ хязгаарлагдмал байдаг болохоор олон улсын жишгээр шүүгчдийн цалинг тогтоодог хэмээгээд энэ нь ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл хуваагдахгүй ажиллахад нөлөөлдөг чухал нөхцөл юм гэж хариулсан.

УИХ-ын гишүүн Л.Цог, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Н.Энхболд, С.Дэмбэрэл нар Шүүхийн ерөнхий зөвлөл болон нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Энэ асуудлын дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар хуралдаанд оролцох боломжгүй байсан учир асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Ингээд Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

ОУВС-гийн шийдвэр гаргах хамгийн дээд нэгж нь Захирагч нарын зөвлөл ба ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилдаг нэгж нь Захирлуудын зөвлөл юм. Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд Захирлуудын зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс болон Англи Улс бүхий 5 гишүүн улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог байна. Монгол Улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай нэг тойрогт харьяалагддаг. Тус тойргийн Гүйцэтгэх захирал, Орлогч гүйцэтгэх захирлыг БНСУ, Австрали Улс болон Шинэ Зеланд улс томилон ажиллуулдаг аж.

ОУВС хөгжиж буй орнуудыг түлхүү оролцуулах, дуу хоолойг нь нэмэгдүүлэх зорилгоор Захирлуудын зөвлөлийн гишүүнчлэл дэх хөгжингүй оронд хамаарах 2 суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэх, 9 болон түүнээс дээш гишүүдтэй тойргуудад хоёрдох Орлогч гүйцэтгэх захирлыг ажиллуулах, Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орнуудын оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих юм байна. Энэхүү шинэчлэлийн дагуу ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 3(b), 3(c), 3(d), 3(f), 3(i), 3(j) болон 8 дугаар хэсэгт, 21(a) болон (ii) зүйлд, 29(a) зүйлд болон хуваарийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм байна.

Монгол Улсын харьяалагддаг тойрогт 15 улс хамаардаг учир шинэчлэлийн үр дүнд Монгол Улс нь шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.

Өнөөдрийн байдлаар ОУВС дахь квотын хэмжээ дэлхийн эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад бага байгаа бөгөөд энэ нь ОУВС-гаас санхүүгийн хямралд өртсөн гишүүн орнууд болон бусад гишүүн орнуудад шаардлагатай байгаа хэмжээний санхүүжилтийг олгоход хүндрэл учруулж байна. Тиймээс ОУВС-ийн квотын хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал шаардлага гарч буй юм байна.

Энэхүү квотын шинэчлэлээр ОУВС квотын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх буюу одоогийн байгаа 238.5 тэрбум Зээлжих тусгай эрх (ЗТЭ)-ийг 477.0 тэрбум хүртэл нэмэгдүүлэх юм. Тус шинэчлэлийн үр дүнд 61 орны квот нэмэгдэх бөгөөд 53 нь хөгжиж буй орнууд байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын квот 51.1 сая Зээлжих тусгай эрхээс 72.3 сая болж нэмэгдэх аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнээр Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20671
0 эможи
keyboard_arrow_up