Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.04.15. Лхагва гараг/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч хуралдааны эхэнд хэлэлцэх байсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 8 гишүүн 2015.02.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хууль санаачлагчийн зүгээс түр хойшлуулах горимын санал гаргасан тул байнгын хорооны өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналыг гишүүдийн олонх дэмжлээ.
Үүний дараа Эмнэлгийн барилга, эзэмшил газрын талаар цаашид авах арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэнд, спортын сайдын болон Нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонсов.
Эрүүл мэнд, спортын сайдын танилцуулгад дурдагдсанаар, “2015 онд дуусаагүй барилга байгууламжийн тоог багасгах, шинээр эхэлсэн барилга угсралтын ажлыг богино хугацаанд дуусгаж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Иймээс энэ онд шинээр барилга барихаас илүүтэйгээр эмнэлгийн 36 шилжих барилгыг дуусгахаар төлөвлөсөн. Одоо ашиглаж байгаа барилгын ашиглалтын хугацаа, хүн амын тоо болон эрүүл мэндийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нэмж 2 барилга буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 15 ортой эмнэлгийн барилга, Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлгийн барилгыг барих ажил Төсвийн тухай хуульд туссан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блокийн болон Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн дуусаагүй барилгыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх саналыг боловсруулан, Эрүүл мэндийн сайдын албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд уг асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. Засгийн газрын 2015 оны 106 дугаар тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий эмнэлэг ажиллуулахаар концессын гэрээ байгуулах эрх олгосон. Цаашид Геронтологийн төвийн дуусаагүй барилгыг концессын зүйл жагсаалтад нэмж оруулахаар судлан ажиллаж байна. Мөн Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар салбарын хэмжээнд ашиглалтад ороогүй, гүйцэтгэл нь удаашралтай байгаа, үйл ажиллагаа нь зогссон барилгын жагсаалтыг баталж, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа Геронтологийн үндэсний төвийн барилга, Говь-Алтай аймгийн Цээл суманд баригдаж байгаа 10 ортой эмнэлгийн дутуу барилга, хөрөнгийг хүлээн авах ажлын хэсгийг байгуулан дүнг 3 дугаар сарын 01-ний дотор танилцуулахыг даалгасан.
Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн “Нийслэлд байрлаж байгаа эмнэлгүүдийн эзэмшил газрын ашиглалт, шинээр барих эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт, үр дүн” тайланд эзэмшил газраасаа алдаагүй эмнэлэг байхгүй байгааг дурдьсан. Мөн эмнэлгийн эзэмшил, газрын баталгаажилтын хугацааг уртасгах, хамгаалах арга хэмжээг авч баталгаажилт хийгээгүй байгууллагын удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайдад даалгасан. УИХ-ын Байнгын хорооны 2014 оны 09 дүгээр тогтоол гарснаас буюу 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш эмнэлгийн эзэмшил газрыг дур мэдэн бусдад шилжүүлээгүй боловч бусдын эзэмшилд байгаа газар эзэмших эрхийн гэрээ, ашиглаагүй газрын зөвшөөрлийг хүчингүй болггох ажил хараахан хийгдээгүй байна” гэлээ. Мөн Нийслэлийн Захирагчийн албаны Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Байнгын хорооны тогтоолын хүрээнд гурван ажил хийж гүйцэтгэсэн талаар танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, эмнэлгийн барилга, эзэмшил газрын асуудлаар Байнгын хороо хангалттай сонсч байгаа ч өнөөдрийн өгч буй мэдээлэлд ахицтай зүйл гарахгүй байгааг шүүмжилж, өнөөдөр нийслэл болон орон нутагт хичнээн эмнэлэг барих шаардлагатай байгааг тодруулсан юм. Мөн өвлийн улиралд ханиад, томуу ихэссэн үед өвчтэй хүүхдүүдийг хүлээж авах, хэвтүүлж эмчлэх эмнэлэг хүрэлцэхгүй байгаа. СБД-ийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах явцад эмнэлгийн удирдлагын зүгээс ханиад томуу дэгдсэн үед ачаалал ихэсдэг. Харин бусад үед эмнэлгийн ор хангалттай байдаг гэсэн хариултыг өгч байсан. Иймд асуудал үнэхээр ийм шатанд байна уу үгүй юу гэдгийг асуув. Улаанбаатар хотын хувьд одоо байгаа эмнэлгүүд дээр нэмж хоёроос гурван эмнэлэг барих шаардлагатай. Гол асуудал эмнэлгийн тоо гэж үзэхгүй байгаа. Харин ханиад, томуу дэгдсэн үед эмнэлгийн зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Иймээс өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн байрыг ашиглах, нөхцөл байдлыг сайжруулах асуудал чухал гэсэн дүгнэлт хийж байна. Жилийн жилд хөндөгддөг асуудлыг цаашид гаргахгүй байхад анхаарал хандуулж, жишиг эмнэлгийн хүрээнд дүүргийн эмнэлгийг жишиг эмнэлэг болгохоор ажиллаж байна гэсэн хариултыг салбарын сайд өгөв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, 2013 онд энэ асуудлыг ярьж байсан ч урагшилсан юм алга. Тухайн үед Хан-Уул дүүргийн эмнэлэг, Түлэнхийн төвийн асуудлыг хөөцөлдөж шийдвэрлүүлье гэсэн ч зөвшөөрөөгүй. Тогтоол гаргаад түүний араас хөөцөлдөхгүй бол ажил явахгүй. Эрүүл мэндийн салбарт зөвхөн мөнгө, хөрөнгө хараад суух бус зөв менежмент хийхэд анхаарах ёстой. Хувийн компаниуд тендэрт ялаад авч орж ирж байгаа зураг төсөл нь авах юм байдаггүй. Үүн дээр анхаарах ёстой. Эмнэлэг бол өөрөө стандарттай. Эмнэлгийн хөрөнгө оруулалт дээр онцгой анхаарах хэрэгтэй. Иймд салбарын сайд энэ асуудлыг зоригтой тавих шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, эмнэлгүүд газартаа маш сайн кадастрын зураглал хийлгэж, газрын төлбөрөө тогтмол төлөх шаардлагатайг хэллээ. Мөн Хан-Уул дүүргийн эмнэлгийн нэгдлийн А корпусын барилга гээд маргаантай газрууд байдгийг дурдаж, энэ асуудлыг хэрхэн шийдсэн талаар тодотгосон юм. Эрүүл мэнд, спортын сайд хариултдаа, маргаантай байгаа газрууд дээр кадастр хийгдээгүй байгаа. Харин маргаангүй бусад эмнэлгийн газрууд дээр кадастрын зураглал хийгдсэн. Ямар нэг татварын асуудалтай эмнэлэг байхгүй гэв.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Байнгын хороонд хэлэлцэх түвшинд хүрээгүй асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Тийм учраас тогтоолын хэрэгжилтийг хоёроос гурван сарын хугацаанд үргэлжлүүлэн явуулахыг холбогдох байгууллагуудад байнгын хорооны тэмдэглэлээр дахин үүрэг болгож үр дүнг тодорхой хугацаанд дахин хэлэлцэх нь зүйтэй. Ингэхдээ зөвхөн Улаанбаатар хот биш хөдөө орон нутгийг оролцуулаад илүү мэдээлэл судалгаатай, хэрэгжилтийг хангахад юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг дүгнэх байдлаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Батцогт, байнгын хорооны тогтоолын хэрэгжилт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тогтоолын хэрэгжилтийн явц байдал ямар байгааг сонсч, гишүүдийн саналыг авч асуудалд хандах зорилготой байсан. Гишүүдээс олон санал гарч байна. Иймээс А.Бакей гишүүний гаргасан саналаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахын тулд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж буйгаа дуулгалаа .
Мөн байнгын хорооны хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазарыг сонгох санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90,9 хувиар дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.