Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2014 оны тайланг сонслоо
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.15/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Санхүүгийн зохицуулах хорооны тайланг тус хорооны дарга З.Нарантуяа танилцуулав. 2014 онд Санхүүгийн зохицуулах хороо 4 газар, 18 хэлтэс, 122 ажилтантайгаар нийт 204 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний биелэлт 98.3 хувьтай гарчээ. Төсвийн хүрэлцээ хангалтгүй, санхүүгийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас төлөвлөгөөнд тусгагдсан улсын байцаагч нарын сургалт хийгдээгүй, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг өргөн барьсан ч одоогоор батлагдаагүй байна.
2014 онд Хороо 21 удаа хуралдаж 473 асуудал хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан бөгөөд өмнөх онтой харьцуулахад хэлэлцсэн асуудлын тоо 95 буюу 16.7 хувиар буурсан үзүүлэлттэй, 2014 онд тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой 311 шийдвэр гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 22.5 хувиар буурчээ.
2013 онд Хорооны хяналт зохицуулалтад 980 хуулийн этгээд, 4356 иргэн хамрагдаж байсан бол 2014 онд 1108 хуулийн этгээд 4752 иргэн хамрагдаж зохицуулалттай этгээдийн тоо 9.8 хувиар өссөн бөгөөд хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу нийт 292 зохицуулалтын байгууллагын үйл ажиллагаанд газар хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчилд улсын байцаагчдаас 153.4 сая төгрөгийн торгууль шийтгэвэр тавьж орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Орон сууцны моргежийн урт хугацаат зээлийг үнэт цаасжуулах буюу үл хөдлөх хөрөнгийн хоёрдогч зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбох, үл хөдлөх хөрөнгийн анхдагч зах зээлийг дэмжих ажлын хүрээнд 881.5 тэрбум төгрөгийн моргежийн зээлээр баталгаажсан үнэт цаас /АВS/-ыг бүртгэж, арилжаалах зөвшөөрлийг Хорооноос олгож хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үүсгэсэн аж.
Мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдний хөрөнгийг найдвартай хадгалах, эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдол бүхий хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага болох кастодианы үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийг арилжааны 2 банкинд олгожээ.
Бичил санхүүгийн салбарын харилцагчдын тоо сүүлийн 3 жилд 1.5 дахин нэмэгдэж, 2014 онд бичил санхүүгийн байгууллагуудын тоо 32.9 хувиар, салбарын эдийн засгийн үзүүлэлтүүд 30 хувиар, хөрөнгийн хэмжээ 29.3 хувиар, салбарын ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж 25 хувиар тус тус өсөж, нийт актив 588.5 тэрбум төгрөг болж ашигт ажиллагаа өмнөх оноос 24.5 хувиар нэмэгдсэн байна.
Хадгаламж зээлийн хоршоодын үйлчилгээний нэр төрөл, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд 35, Хадгаламж зээлийн хоршоонд 201 тэрбум төгрөгийн бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олгосон байна.
2014 онд Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулалтад хамрагдах байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, хянах, иргэд хөрөнгө оруулагчид, үйлчлэгчдийг мэдээллээр хангах, сургах чиглэлээр өмнөө тавьсан зорилтуудаа бүрэн хангаж ажиллажээ.
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2014 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Тайланг тус хорооны дарга С.Мэндсайхан танилцуулсан.
Үндэсний статистикийн салбарын хэмжээнд 2014 онд “Орон нутгийн статистикийн албадын чадавхийг бэхжүүлж, анхдагч мэдээллийн чанарт ахиц дэвшил гаргах”-ыг үндсэн зорилгоо болгон дэвшүүлж, энэ хүрээнд Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, Статистикийн үйл ажиллагаанд “Олон улсын цогц үнэлгээ” хийлгэх, Төрийн нэгдсэн сүлжээнд холбогдох, төрийн байгууллагуудын мэдээллийн санг статистикийн мэдээ, тайланг гаргахад ашиглах, уялдуулах, аймаг, орон нутгийн түвшинд шаардлагатай мэдээллийн хэрэгцээг тодорхойлох, Статистикийн салбарын түүхт ойгоо өндөр бүтээлээр угтах зэрэг ажлуудад онцгойлон анхаарч ажиллажээ.
2014 онд мэдээллийн технологийг статистикийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг шинэ шатанд гарган, төрийн байгууллагуудад бий болсон мэдээллийн санг судалж, ашиглах, уялдуулах ажлыг эхлүүлж, Үндэсний дата төвд байрлах УБЕГ-ын иргэний мэдээллийн санг Хүн ам, өрхийн мэдээллийн сантай, хуулийн этгээдийн мэдээллийн санг Бизнес регистрийн мэдээллийн сантай уялдуулах ажлуудыг амжилттай гүйцэтгэж, статистикийн үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн байна. Түүнчлэн мал тооллогын онлайн системийг нэвтрүүлж, багийн түвшинд мал тооллогын дүнг мэдээллийн санд шууд ачааллах, үр дүнгийн 40 төрлийн тайланг улс, аймаг, сум, багийн түвшинд богино хугацаанд, шуурхай нэгтгэх, малын тоог өрхийн түвшинд эрэмблэн гаргах зэрэг өргөн боломжуудыг бүрдүүлж чаджээ.
Технологийн шийдлийг ашиглан малчдад банкны үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх үүднээс мал тооллогын дүнг банкны үйл ажиллагаанд ашиглах онлайн системийг нэвтрүүлж, Монголбанк, ҮХААЯ-тай хамтран зээл авахаар хүсэлт гаргасан мал бүхий иргэний албан ёсны зөвшөөрөлд үндэслэн тооллогын мэдээллийн сангаас холбогдох лавлагааг авах үйлчилгээг 43 мянган иргэнд үзүүлжээ.
Тус хорооны хувьд тооллого, судалгааны ажилд шинэ дэвшлийг гаргасан, аргачлал, ангилал, стандартыг нэвтрүүлж, нэгдсэн болон орон нутгийн статистикийн үзүүлэлтийн хүрээг шинэчилсэн зэрэг олон ажлыг хийжээ.
Статистикийн мэдээллийн сан www.1212.mn сайтыг хэрэглэгч мэдээллээ өөрийн хүссэн хэлбэрээр шууд авах техникийн шийдлийг бүрдүүлж, статистикийн мэдээллийг инфографикаар болон цахим хэлбэрээр хүргэхэд илүү түлхүү анхаарч ажилласан байна.
Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2014 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Үүний дараа гишүүдийн саналаар Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах дээрх Хороодод Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр бус Байнгын хорооны тогтоолоор үүрэг өгөхөөр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.