Худалдааны тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.15/ Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өргөн барилаа.
Монгол Улс 1997 онд гишүүнээр элссэн Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн зарчим, дүрэм, журам, олон улсын гэрээнүүдэд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, худалдааны салбарын тогтвортой хөгжлийг хангах, улмаар худалдааны салбарын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.
Худалдааны харилцааг өнөөгийн байдлаар олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулдаг. Энэ нь импорт жолоодлогогүй, дотоод худалдаа эмх цэгцгүй явагдах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хэрэглэгчийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдлийн шалтгаан болдог байна. Тиймээс эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, хамгаалалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн цогц арга хэрэгсэл бий болгохоор Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг боловсруулах шатанд хилийн чанадад суугаа ДТГ-аас ирүүлсэн 10 гаруй орны худалдааны эрх зүйн зохицуулалтын талаарх танилцуулга, Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөнд оролцогчдын зөвлөмж, 2012-2015 оны хооронд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн бус байгууллагууд, холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд 5 удаагийн уулзалт, хэлэлцүүлгээс гаргасан саналыг тусгасан байна хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.