Олон улсын зарим конвенцид нэгдэн орсныг соёрхон батлах, зөвшилцөх асуудлыг дэмжив
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.04.14/ хуралдаан 9 цаг 38 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч салбарын сайд нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав.
Дараа нь “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөв. Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, тус салбарт ажиллагсдын дунд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин буурахгүй, харин ч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх, амь насаа алдах зэрэг илүү ноцтой хэлбэрүүд бүртгэгдсээр байгаа нь уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй байгааг харуулж байна. Иймээс тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, салбарын онцлог болон улмаар олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 82 дугаар бага хурлаар баталсан “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох асуудлыг санаачлан холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байна гэлээ.
Уг конвенц нь 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 2013 оны байдлаар АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг нийт 26 орон нэгдээд байгаа аж. Энэ конвенцид газрын тос, байгалийн хий олборлохоос бусад төрлийн ил болон далд уурхайн үйл ажиллагаа хамаардаг агаад уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож, төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой заасан байна. Конвенцийг батлан хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс мэдлэг, мэдээлэл дамжуулах, үндэсний хэмжээний чадавхийг бэхжүүлэх зэргээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой аж.
Уул уурхайн сайд Р.Жигжид гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс энэ конвенцид нэгдэж орсноор эдийн засгийн болон хууль эрх зүйн ямар нэг хариуцлага хүлээхгүй. Мөн ямар нэг төлбөр хураамж төлөхгүй. Харин конвенцийн хэрэгжилтийн талаар конвенцид нэгдэн орсны дараах 1 жил, цаашдаа 5 жил тутамд нэг удаа тайлагнах үүргийг Засгийн газар хүлээх юм гэлээ. Түүнчлэн манай улсын уул уурхайн салбарын хувьд ил, далд уурхайн аль алинд нь эрсдэлтэй, тэр дундаа алт, жонш, нүүрсний уурхайд эрсдэл илүү өндөр байгаа. Сүүлийн таван жилд бичил уурхайд 50 гаруй хүн амь насаа алдсаны гол хувийг Налайхын уурхай эзэлж байна. Одоогоор энэ уурхайг ашиглахгүй байгаа ч тусгай зөвшөөрөлтэй талбай тэнд бий. Тус яамны зүгээс Налайхын уурхайг цаашдаа орчин үеийн техник технологид түшиглэн далд уурхайн чиглэлээр ашиглах бодлого барьж, зарим арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэдгээ хэллээ.
Ингээд конвенцид нэгдэн орсныг зөвшилцөж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгох талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь буюу 75 хувь нь дэмжив.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн батлах хамгаалах салбартай холбоотой асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн юм. Харин Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн гадаад харилцааны салбартай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч танилцуулга хийх Засгийн газрын гишүүн нь хуралдаанд ирээгүй учраас уг асуудлыг дахин хойшлуулав. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч зарим танилцуулга, материал дутуу, ажлын хэсгийн зарим албан тушаалтнууд хуралдаанд ирээгүй учраас асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулаад байсан юм.
Дараа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж соёрхон батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм.
Манай улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт протоколд 2004 онд тус тус нэгдэж оржээ. Хүний эрхийн чиглэлээрх олон улсын бүх гэрээ, конвенциудад уг конвенцийн зүйл, заалтыг зөрчсөн улс орнуудаас гомдол хүлээн авч, хянан хэлэлцэх зохицуулалт тусгасан байдаг бол хүүхдийн эрхийн конвенци нь ийм механизмгүй учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг баталж, 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн орнуудаас гарын үсэг зурах, соёрхон батлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Одоогоор уг Нэмэлт протоколд дэлхийн 14 улс нэгдэн орж, 46 улс гарын үсэг зураад байгаа аж.
"Монгол Улс энэхүү Нэмэлт протоколд нэгдэн орсноор хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, ялангуяа “Хүүхдийн эрхийн тухай” конвенци, түүний Нэмэлт протоколуудын хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны нэгдсэн механизмыг бий болгож бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яамнаас олон улсын байгууллагад гомдол гаргах эрхтэй болох юм" гэдгийг сайд С.Эрдэнэ танилцуулгадаа дурдав.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл, “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл, “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслүүдийг зөвшилцөхөөр төлөвлөсөн байсан ч Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй байгаа учраас уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.