УИХ-ын даргын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагааг нээж хэлсэн үг
Энд хүрэлцэн ирсэн профессор багш нар, боловсролын салбарын хамт олон та бид чухал үйл явдлын нээлтэд оролцож байна.
Төр засгийн түвшинд, иргэдийн дунд, улс орон даяараа Монгол Улсаа хэрхэн хурдтай хөгжүүлэх вэ, хөгжингүй орнуудын түвшинд хэрхэн хурдтай хүрэх вэ гэдэг сэдвээр байнга хэлэлцүүлэг, ярилцлага явагдаж байдаг. Иргэний танхим ч гэсэн энэ төрлийн хурал зөвлөгөөн явуулдаг газруудын нэг юм.
Монгол Улсын хөдөлгөгч хүч бол боловсрол мэдлэгтэй, чадвартай монгол хүн юм. Үүнээс өөр гарц бодож олоогүй. Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Эдийн засгийн чуулган дээр “монгол хүний хөдөлмөрийн бүтээмж өдөрт 5 ам.доллар, харин дэлхийн хэмжээнд энэ үзүүлэлт дундажаар 50-60 ам.доллар" гэсэн тоо баримт дурдагдаж байна билээ. Тэгэхээр бид дэлхийн түвшинд ажиллаж, амьдрахын тулд, дэлхийн түвшинд цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин өсгөх шаардлагатай. Гэхдээ бидэнд 100 жил байхгүй.
Мэдээж уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил бидэнд бололцоо олгоно. Энэ бололцоог улс үндэстнийхээ тогтвортой хөгжил болгох үндсэн шийдэл бол бид бүтээмжээ богино хугацаанд эрс дээшлүүлэх шаардлага байна. Тэгвэл бүтээмжээ хэрхэн нэмэх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгохоор шийднэ, өөр зам бидэнд байхгүй. 3 сая иргэдээ тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангаж, боловсролтой 3 сая иргэнээ өргөнөөр татан оролцуулах сонголт байгаа. Өөр явах зам үндсэндээ байхгүй гэсэн үг.
Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч-дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь “Нээлттэй мэдлэг, боловсролын санаачлага”-ууд юм. Өнгөрсөн жил буюу 2014 онд УИХ-аас Монгол Улсын Засгийн Газрын “Нээлттэй мэдлэг боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг дэмжиж төсвийн хөрөнгийг баталсан. Өнөөдөр Боловсрол, Соел,Шинжлэх Ухааны яам АНУ-ын ХАН академийн эхний 500 видео хичээлийг багш, сурагчид, олон нийтэд хүлээлгэн өгч байгаа нь “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-тай хамтран ажилласан ажлын анхны үр дүн гэж үзэж байна.
Боловсрол, Соёл,Шинжлэх Ухааны яам, “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-тай богино хугацаанд эрчтэй, үр бүтээлтэй хамтран ажилласныг энд тэмдэглэж, УИХ-ын даргын хувьд, мөн энэ санаачлагыг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүдийнхээ нэрийн өмнөөс Л.Гантөмөр сайд болон яамны ажилтнууд, “ Нэг монгол” төслийн багт талархал илэрхийлье.
Эдгээр видео хичээлүүд бол их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсролын хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болно. Цаашдаа нээлттэй мэдлэг боловсролын олон төсөл хэрэгжиж, шинэ давлагаа болон тэлж олон мянган багш эрдэмтэд, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчдыг хамрана гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улс дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад улам идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах болно.
Монгол улсын 3 сая иргэдийн тасралтгүй сурч боловсрох, чадваржих орчин, дэд бүтцийг бий болгох нь манай улсын хөгжлийн зам мөн. Иймд нээлттэй мэдлэг боловсролын санаачлагуудад УИХ өндөр ач холбогдол өгч энэ чиглэлд хийгдэж байгаа ажлыг улам эрчимжүүлэх, төрөөс тууштай дэмжих зорилго тавьж байна. Хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын даргын шийдвэрээр Ажлын хэсэг байгуулан ажлыг нь эхлүүлсэн. Ажлын хэсэг энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг боловсруулж авах арга хэмжээний төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх юм.
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагтай, дэлхийн 7 тэрбум хүний дунд өрсөлдөн амьдрах чадварлаг иргэдтэй, тасралтгүй суралцаж, хөгжиж байдаг үндэстэн болно гэж би харж байна. Нээлттэй мэдлэг боловсрол нь монголын төрийн бодлогын тэргүүлэх хэсэг байх болно гэдгийг энд хэлье. Та бүхэнд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа!