Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.04.10/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж ахиц өөрчлөлт гарч байна. Гэвч хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулах, салбарын яамд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлага тавигдсаар байна.
Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилж байна.
Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 3412 буюу 75.7 хувь нь эрэгтэй, 1093 буюу 24.3 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд эдгээрийн 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон.
Иймд УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.