Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.09.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж хуулийн төслийг байнгын хорооны саналаар батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76,2 хувийн саналаар дэмжив.
Үүний дараа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 480 гаруй урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг батлагдсанаас 190 гаруй нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үндэсний, салбарын болоод орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд уялдаа холбоогүй, утга агуулгын хувьд давхацсан, санхүүжилтийн эх үүсвэрийг тооцоолоогүй, хүрэх үр дүн тодорхойгүй байна. Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа тооцоо, судалгаан дээр үндэслэн хэрэгцээ, шаардлага, шалгуур, үзүүлэлт, хүрэх үр дүнг тодорхойлдоггүй, санхүүгийн эх үүсвэртэй уялдуулдаггүйн улмаас тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилт зорьсон үр дүнд хүрэхэд сөргөөр нөлөөлж улмаар ач холбогдол нь буурч байна. Иймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа талаар Сангийн сайд илтгэлдээ дурдав. Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зарчим, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний, салбарын болон аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн С. Одонтуяа, энэ асуудлаар олон хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Эхлээд 76 гишүүнийхээ дунд энэ чиглэлээр хэлэлцүүлэг хийж санал солилцох саналтай байна. Монгол Улсын хөгжлийн нэгдмэл алсын харааг тодорхойлох хэрэгтэй. Энэ чиглэлээр зохион байгуулсан олон хэлэлцүүлэгт оролцож байхад ажлын дэд хэсгийнхэн зөвхөн хүрэх арга замуудаа л ярьж байна. Гэтэл Монгол Улс тав, арав, хорин жилийн дараа ямар байх вэ гэдэг нэгдмэл зөвшилцсөн газрын зураглал харагдахгүй байна. Босоо тэнхлэгүүдээр бүсүүдээ хөгжүүлэх юм уу, эсвэл хэвтээ хөгжлийн бүстэй болох уу гээд ярих асуудал их байна. Ер нь Улаанбаатар хот цаашид даацаа даах уу, эсвэл нүүх үү, хот, аймгууд цаашид яах юм гэсэн хөгжлийн бодлого харагдахгүй байна. Бид эхлээд үндсэн том зургаа эхэлж ярих хэрэгтэй. Үндэсний хөгжлийн цогц бодлогын олон бичиг баримт байдаг ч төсөв батлахад энэ бодлогынхоо талаар хэн ч ярьдаггүй. Харин тойргуудын салангид төсвүүдийг батлаад, Монгол Улсын нэгдсэн хөгжлийн бодлогыг дэмжих төсөв батлагддаггүй. Иймд эдгээр асуудлууд дээр эхлээд улс төрийн шийдлүүдийг гаргах ёстой гэж үзэж байна гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, засгийн газар хуулийн төслөө татаж авах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ё. Отгонбаяр, хуулийн ерөнхий санаа зөв боловч оруулж ирж байгаа хэлбэр нь буруу байна. Хөгжлийн бодлогыг төсөвтэй холбох хэрэгтэй. Иймд эдгээр асуудлуудыг анхаарч хуулийн төсөлдөө тусгах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хэрэгжих баталгааны заалт хуулийн төсөлд тусгагдаагүй байна. Урт хугацааны төлөвлөгөө биелэх ёстой. Уламжлал, залгамж чанарыг хадгалаад тогтвортой, төлөвлөгөөтэй ажиллах зүйл, заалт харагдахгүй байна гэсэн шүүмжийг хэлж байсан юм. Хуулийн төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Хаянхярваа, А.Бакей нар үг хэлсэн бол хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж үг хэлэх гишүүд байсангүй.
Ингээд байнгын хорооны саналаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76,3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.